Ерөнхийлөгч морь унаж төрийн тугаа зална
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.08.08

Ерөнхийлөгч морь унаж төрийн тугаа зална

Монгол улсад адууны яам байгуулсаны 750 жилийн ойн хүрээнд  “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины  уралдаан,

Мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон монголчуудын их жагсаалыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  ивээл дор  маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 9-10-ны өдрүүдэд Хүй долоон худагт  зохион байгуулах гэж байна.

Ингэхдээ Дэлхийн Гиннесийн холбооноос  зөвшөөрөл авч, шүүгчдыг урьж авчирчээ.

Энэ үйл ажиллагааг  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжиж, ивээлдээ зохион байгуулж буй нь төр  ард түмнийг холбосон их амжилт, их түүхийн гүүр болж байна гэж зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

“Монгол морь-3000” уралдаан болно

Дэлхийн талыг Монгол мориороо туулсан Морьтон Монголчууд дэлхийн дээд  амжилтыг эвдэж, эзэмшигч болох ёстойг цаг хугацаа, эцэг өвгөдийн аугаа их соёл, түүх өнөөгийн биднээс шаардаж байгааг  онцлон дурдах нь зүйтэй юм.

“Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10.000 Морьтоны Монголчуудын  их жагсаалд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцохоор бэлтгэл хэдийнэ хангажээ.

Уралдаан 6 гараанаас тус тусдаа уралдах морьдыг Хангай, Говь, Зүүн, Баруун, Улаанбаатар гэсэн бүсүүдэд хувааж,  6 гараа буюу  бүс тус бүрээс түрүү, айргийг шалгаруулж, мөн нийт уралдсан 3000 мориноос түрүүлж, айрагдсан морьдыг шалгаруулж, алтан медаль, дэлхийн дээд амжилтын батламж, мөнгөн шагналаар шагнах аж.

Мөн уралдсан бүх 3000 уяач, уралдаанч хүүхдүүдэд  ММСУХ, дэлхийн Гиннесийн байгууллагын хамтарсан дурсгалын алтан медалийг гардуулах юм байна.  

10.000 Морьтон Монголчуудын их жагсаалын өмнө  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд нар  сүргийн манлай удамт хурдан хүлгээ унан, төрийн их тугаа залан мандуулах бол аймгийн удирдлагууд өөрийн аймгийн тугийг залах аж.

Ийнхүү эртний их домог түүхтэй хүй мандалын буурал дэвжээн  дээр монголын их хээр тал нутагт тархан амьдарч буй бүх Монголчууд нэгэн зорилгын дор хуран цуглаж, учран золгоход бэлэн болжээ.