Маргааш аавуудын өдөр
Хоймор дүүргэж, хайраа дэвссэн эгэл, эрхэмсэг аавуудын баяр маргааш тохионо. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхдэдээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг сайхан уламжлал тогтоосон.
Хөвгүүдийн 30 хувь нь аавтайгаа ярилцдаггүй, 30 хувь нь санал зөрөлддөг, 30 хувь нь харилцахад хүндрэл учирдаг, үлдсэн хувь нь жигд харилцаатай байдаг гэсэн дэлхий нийтийн судалгаа бий.
Элэг бүтэн гэр бүлд, аавтайгаа ойр дотно өссөн хөвгүүд, охид өөрсдийгөө үнэлж чаддаг, амьдралд итгэлтэй шийдмэг зан чанартай байхад эцэггүй хүүхэд сул дорой, ганцаардмал, гутранги, өөртөө итгэлгүй үйлдэх хандлага илүү байдгийг судлаачид нотолсон байдаг.
Энэхүү өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд ес дэх жилдээ ийнхүү аавуудаа баярлуулах гэж буй.
Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд ес дэх жилдээ ийнхүү аавуудаа баярлуулах гэж байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийн хүрээнд НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулсан арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба би ” сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах юм.
Мөн олон нийтийн санал, хүсэлтийг харгалзан “Аав нарын өдөр”-ийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албан ёсоор тэмдэглэдэг болох саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт тавиад байгаа гэнэ.