“Ахмадын орон сууц” хөтөлбөрийн журам баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.29

“Ахмадын орон сууц” хөтөлбөрийн журам баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилсан нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-аар хэлэлцэн баталсан билээ.

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, гачигдалтай иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах бөгөөд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах юм.

Нийслэлийн 5 байршилд “Ахмадын түрээсийн орон сууц”-ны хотхон барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхийг түр амьдруулах зориулалтаар барьсан 300 айлын орон сууцанд оруулахаар нийслэлийн удирдлагаас шийдвэрлэсэн юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/720 дугаар захирамж гаргалаа.

Ахмадын орон сууц хөтөлбөр

Захирамжаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс, хөтөлбөрт хамрагдах иргэдийг “Сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах 300 айлын орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгожээ.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ХХК-иудтай ахмадад зориулсан 300 айлын орон сууц шинээр барих хэлцэл хийж, тухай бүрт нь нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсны үндсэн дээр гэрээ байгуулах, орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Орон сууц санхүүжилтийн корпорацийн барих орон сууцны хороололд мөн 300 айлын орон сууцыг захиалж, холбогдох дүрэм, журмын дагуу гэрээ байгуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу

“Ногоон нуур” орчимд 360 айлын Ахмадын орон сууцны архитектур, төлөвлөлтийн зураг төслийг хянан батлах, гүйцэтгэгчийг холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун даргалах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Нутгийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар байхаас гадна Захирагчийн ажлын алба, нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Халамжийн үйлчилгээний газар зэрэг бүрэлдэхүүнтэй байх юм.

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд улсаас  орон сууц авч байгаагүй, Улаанбаатар хотын харъяат, сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан, өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай , нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой юм.

“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгохдоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн өргөдлийн дарааллыг баримтлана гэж журамд заасан байна.