"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт боллоо.
2013.07.23

Бүтээн байгуулалтын ажлыг цалгардуулахгүй байхыг санууллаа

Өнгөрсөн хоёр долоо хоногт бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэр урагшилсан талаар яамдын дэд сайд, газрын дарга нар мэдээлэл өглөө. “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит нээлттэй мэдээллийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулсан юм.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд тавьж буй төмөр замын суурь цутгалтад 700 шахам хүн, 300 шахам техник ажиллаж, 2 км-ээр урагшлуулжээ. Энэ онд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зургаан аймгийн замын ажил хүндрэл сааталгүй үргэлжилж байна.

Дорнод аймгийн замын ажилд санхүүжилтээс шалтгаалсан бэрхшээл үүсээд байсныг өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд биечлэн очиж шийдвэрлэснээр одоо ажил нь 33%-тай явагдаж байна.

Дундговь-Өмнөговийн замын ажил 25%, Дорноговь-Замын-Үүд чиглэлийнх 70%, Хөвсгөлийнх 16%, Баянхонгорынх 98%-ийн гүйцэтгэлтэй явна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Налайх-Цонжинболдог чиглэлийн замыг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулжээ.

Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олголт хэвийн, зээл олгож буй банкууд дээр ачаалал үүсээгүй. Харин иргэдийн зүгээс 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг энэ зээлд хамруулмаар байна гэж “11 11” төвөөр дамжуулан гомдол ирүүлсээр байгаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа.

Бүтээн байгуулалтын цаг

Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн 73 ажил хэрэгжүүлэхээс энэ онд 56-г нь дуусгах учиртай. Одоогийн байдлаар 12 ажил эхэлсэн, 18 ажил бэлтгэл шатандаа яваа бол 26 ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа аж.

Инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлуудыг 11 дүгээр сарын 1-ний дотор дуусгахыг тус яамнаас нэмж дуулгалаа. Төв аймгийн Угтаалцайдам суманд ирэх сард шинэ элеватор ашиглалтад оруулж, ингэснээр үр тариа нөөцлөх улсын хэмжээний багтаамж 150 шахам мянган тн-д хүрнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр 10 аймагт орчин үеийн механикжсан зоорь барих ажлыг эхлүүлсэн, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймгуудад услалтын систем байгуулж байна, эдгээрийг энэ ондоо багтаан дуусгана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан хэллээ.

“Намрын ногоон өдрүүд” уламжлалт ажлыг энэ жил төрөлжүүлж зохион байгуулна.

Ирэх сарын дундуур Дархан хотод газар тариалангийн салбарын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулна, “Намрын ногоон өдрүүд” уламжлалт ажлыг энэ жил төрөлжүүлж, өндөр ашиг шимтэй малын үзэсгэлэн худалдааг Хүй долоон худагт, хүнсний ногооныхыг нийслэлд зохион байгуулна гэлээ.

Ноос ноолуур, оёдол, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, өвлийн хүлэмж барих зэрэгт Чингис бондоос хуваарилсан 253 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар ирэх долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Шадар сайд тус яамныханд даалгалаа.

Эрчим хүчний яамнаас бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 10 ажлаас 9-ийг нь энэ онд дуусгах ёстой. Он дамжиж баригдах ТЭЦ-3 станцын өргөтгөлийн ажил 65%-тай явагдаж байна, 9 дүгээр сарын эхний хагаст тоног төхөөрөмжүүдээ оруулж ирнэ. Амгалан ДЦС, ТЭЦ-4, ТЭЦ-5 станцуудын ажил төлөвлөгөөний дагуу  явагдаж байна гэж Эрчим хүчний яамнаас танилцуулав.

Нийслэлд дөрвөн чиглэлийн замын ажил бүрэн дуусч, есөн зам, нэг гүүрний зорчих хэсгийг нээгээд байгаа бол 21 замын ажил одоо ид үргэлжилж байна. Нэгдсэн дүнгээр энэ оны төлөвлөгөөт ажил 62%-ийн гүйцэтгэлтэй байна.

“Гудамж” төслийн хүрээнд 6 уулзварыг засч ашиглалтад оруулжээ.

“Гудамж” төслийн хүрээнд 6 уулзварыг засч ашиглалтад оруулсан, 10-аад уулзварын ажил явагдаж байна, 9 дүгээр сарын 1-нд багтаан 33 уулзварыг бүгдийг нь шинэчилж дуусгана гэж хотын захиргаанаас мэдээллээ.

Харин Нисэхэд баригдаж буй орон сууцны хорооллын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил удааширч байгаа тул холбогдох яамдаас зарим асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна гэж нийслэлээс мэдэгдлээ.

Таван сарын өмнө батлагдсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд 1000 орчим цэргийг тусгай сургалтад хамруулсны дараа бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар ажиллаж байгааг Батлан хамгаалах яамнаас мөн танилцуулсан юм.

Бүтээн байгуулалтад зарцуулж буй хөрөнгийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл өглөө. Энэ жил бүтээн байгуулалтад улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс одоогоор 20%-ийг олгосон, Чингис бондоос 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх Засгийн газрын шийдвэр гарснаас 800 тэрбумын гэрээ байгуулагдаж, 200 тэрбумыг нь олгоод байгаа аж.

Нэгдсэн дүнгээр энэ оны төлөвлөгөөт ажил 62%-ийн гүйцэтгэлтэй байна.

Санхүүжилт саатах гол шалтгаан гүйцэтгэлтэй холбоотой болохыг Сангийн яамныхан тайлбарлаж, яамд хариуцсан төслүүдийнхээ ажлын гүйцэтгэлийн тайланг баталгаажуулж өгөхийг хүслээ.

Хөрөнгө оруулалт нь саатаж, ажил нь удааширч, төлөвлөгөөг хойш татаж буй ажлууддаа онцгойлон анхаарахыг яамдад үүрэг болгоод, хэрхэн эрчимжүүлснээ дараагийн мэдээллийн цагаар тайлагнахыг Шадар сайд Д.Тэрбишдагва дэд сайд нарт үүрэг болголоо.

Урин дулаантай уралддаг бүтээн байгуулалтын ажлыг баяр наадам мэтээр шалтаглан хойш тавьж цалгардуулахгүй байхыг ч холбогдох хүмүүст санууллаа.