Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.26

Нийслэлд 338 тэрбум төгрөгийн хөрөнгө тоологджээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар нийслэлийн өмчит эд хөрөнгө, байгууллага байгууламжийн талаар хэлэлцсэн.

Мөн хамгийн гол асуудал нь нийслэлийн өмчийн 2013 оны тооллогын дүнгийн тухай байлаа. Хуралдааны эхэнд тооллогын дүнг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсны дараа тооллоготой холбоотой зарим асуудлын талаар удирдлагын зөвлөлийн гишүүд тодруулга авсан юм.

Нийслэлийн өмчийн 2013 оны тооллогод нийтийн зориулалтай өмчийг эзэмшигч 19 байгууллага хамрагджээ.

Тооллогын дүнгээр 338 тэрбум төгрөгний эд хөрөнгө бүртгэгдсэн байна. Үүнээс 47 хувь нь нийслэлийн өмчид бүртгэлтэй, 49.5 хувь нь бүртгэлгүй, үлдсэн 3.5 хувь нь бусад аж ахуй байгууллагын нэр дээрх эд хөрөнгө аж.

Улаанбаатар

Хөрөнгийг нэр төрөл тус бүрээр нь авч үзвэл, автозам 205.5 тэрбум, гүүр 16.2 тэрбум, явган зам 15.8 тэрбум, үерийн хамгаалалтын байгууламж болон далан суваг 17.2 тэрбум, бороо хөрсний ус зайлуулах шугам сайжруулах 9.7 тэрбум, гэрэлтүүлэг 17 тэрбум, цэцэрлэгт хүрээлэн 10 тэрбум, ногоон байгууламж 7.8 тэрбум, өндөрлөг хөшөө дурсгал 4.7 тэрбум, усан оргилуур 300 сая, спорт, хүүхдийн тоглоом амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай 13.4 тэрбум, авто машины зогсоолын талбай 9.4 тэрбум, худаг услалтын системд 5.7 тэрбум төгрөг, бусад хөрөнгө 5.3 тэрбум үнэлгээтэй тус тус тооллогод хамрагджээ.

Төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудыг2007-2008 онуудад хувьчилж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 33 дугаар тогтоолоор тухайн байгууллагуудад бүртгэлтэй байсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг харьяа дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэнтэй холбогдуулж эдгээр хөрөнгийн ашиглалт хамгаалалтанд тавих хяналт суларсан үзүүлэлт гарчээ.

Тийм учраас байгууллага хоорондын эд хөрөнгө шилжүүлгийн явцад эд хөрөнгө болон бусад тал дээр онцгой анхаарч зохион байгуулах талаар холбогдох байгууллагуудтай санал солилцон шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг энэ үеэр онцоллоо.

Улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг нэгдсэн дүнгээр гаргадаг нь бүртгэлийн ажилд цаг хугацаа алдах хүндрэл учруулдаг байна.

Иймд цаашдаа ажлын гүйцэтгэлийг захиалагч болон гүйцэтгэгч байгууллагаар нь хөрөнгийн нэр тус бүрийн өртгөөр нь нарийвчлан гаргаж байх тодорхой маягт гаргуулан мөрдөх хэрэгтэйг дурдлаа.

Нийтийн эзэмшлийн хөрөнгийг орчны байгууллагуудад хариуцуулах журам боловсруулж хороо, иргэдтэй хамтран ажиллах замаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалахад иргэдийг татан оролцуулах зэргээр хамтран ажиллах шаардлагатай байна гэж ажлын хэсэг танилцуулгаа гаргажээ. Нийслэлийн өмчийг2002 онд анх тоолсноос хойш тооллогын ажил огт хийгдээгүй аж.

Түүнээс хойш 11 жилийн дараа нийслэлийн өмчийг тоолох ажил хийгдэж байгаа нь чанарын хувьд шаардлага хангаагүй байна хэмээн Удирдлагын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн нэгдсэн дүнг 338 тэрбум гэж үнэлдгийн учир, орон нутгийн өмчийн тооллого уу эсвэл төрийн өмч энэ тооллогод багтсан уу гэдгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Гэрэлчулуун тодруулсан. Тэгвэл энэ удаагийн тооллогоор "Төрийн өмчийн эд хөрөнгө тоологдоогүй.

Мөн хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдсэн зүйлсийг бас тооллоготоо оруулаагүй. Зөвхөн нийслэлийн өмч гэдэг талаасаа нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрэлтүүлэг гэх мэт эд хөрөнгө орсон" гэж нийслэлийн Өмч, газрын харилцааны нарийн бичгийн дарга Д.Итгэл хариултыг өгсөн.

Нийслэлийн өмчийг тоолох асуудал дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэхдээ "Төрийн ашиглалтыг аваад явахад өмчийн харилцаа нь тодорхойгүй, бүртгэл их дутуу байдал ажиглагдаж байна. Миний санаж байгаагаар сүүлийн хоёр жил нийслэлийн оруулсан хөрөнгө оруулалт гэхэд 600-гаад тэрбум байгаа.

Ийм хэмжээний хөрөнгө оруулаад байхад эргээд хөрөнгийн бүртгэл нь 338 тэрбум гэж орж ирдэг нь юу гэсэн үг вэ. Тэр 600-гаад тэрбум төгрөгийн үлдсэн нь хаачсан юм бэ? хэмээн тооллого хийсэн ажлын хэсгийнхэнд шүүмжлэлтэй хандсан юм.

Удирдлагын зөвлөлийн хэлэлцсэн дараагийн асуудал бол "Монгол наадам цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа" Олон нийтийн өмчит үйлчилгээний газар байгуулах тухай байлаа.

Энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд наадмаар Хүй долоо худгийн морь барианы газарт 3000 үзэгчдийн зөөврийн суудлыг байрлуулж, хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 авто машины зогсоол хийж, 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км авто зам шинээр ашиглалтанд оруулсан нь олон иргэд тав тухтай орчинд наадах нөхцөлийг хангасан үр дүнтэй болсныг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал тэргүүтэй ажлын хэсгийг сайшаасан,

"Монгол наадам цогцолбор"-ыг зөвхөн улсын баяр наадмаар ашиглаад зогсохгүй тэрхүү том талбайг бусад улиралд ашиглаж залуучуудын амралт, чөлөөт цагийг өнгөрөөх газар байгуулах талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд цаашдаа "Монгол наадам цогцолбор" бүтээн байгуулалтын ажлыг илүү өргөжүүлж, ашиглалтыг хариуцуулан төсвийн хөрөнгө оруулалтыг эргэн нөхөн олох асуудал дээр ажиллах хэрэгтэйг хэлж байлаа.

Ингээд удирдлагын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар "Монгол наадам цогцолбор"-ыг төслийн нэгжид шилжүүлэх шийдвэр гаргасан юм.