2013.07.24

Г.Баярсайхан гишүүн тойргийнхоо асуудалд хэзээд бэлэн

УИХ-ын чуулган завсарлаж гишүүд ээлжийн амралтаа эдлэхээр зүг бүр тарж одсон. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ямар ажил амжуулж, хаагуур явааг сонирхохоор утас цохив.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Утсаа авмагцаа л тун завгүй байгаа бололтой амраагүй, ажиллаж буйгаа дуулгав. Тэрбээр УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга. Тиймээс хаврын чуулганы хугацаанд бүрэн гүйцэд ажиллаж чадаагүй ажлын хэсгүүдээ шахаж суугаа гэнэ.

Мөн өнгөрсөн чуулганаар хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг өнөөдөр хэвлэлийнхэнд тайлагнахаар зэхэж, зарим зүйлийг нягталж байгаагаа хэлэв. Завгүй гишүүний тойрогтоо ажиллах үе нь намар. Гэхдээ Чингэлтэй дүүрэгт асуудал үүсвэл тэр хэзээд “бэлхэн" гэсэн шүү.

Эрхэм гишүүн тойрогт нь тулгарсан асуудлыг шийдэхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.

Саяхан тус дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр хэсэг нөхөд дайрсан аж. Харин энэ тухай иргэд нь сонгосон гишүүндээ “алтан хошуу” хүргэчихсэн байна. Тиймээс эрхэм гишүүн тойрогт нь тулгарсан энэ асуудлыг шийдэхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.

Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгатай зөвлөлдөх гэж буйгаа ч нуусангүй. Хэдий завгүй ч хэдэн үг харамгүй унагасан түүнээс амралт нь хэзээ эхлэхийг лавлав. Тэрбээр ирэх сарын 5-наас амарч, гэр бүлээрээ Хөвсгөлийг зорих юм билээ.