С.Эрдэнэ: Шинэчлэн боловсруулах хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоороо өсвөр насныхныг түлхүү анхаарна
УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.07.15

С.Эрдэнэ: Шинэчлэн боловсруулах хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоороо өсвөр насныхныг түлхүү анхаарна

Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр дэлхийн хүн амын өдөр тохиож байна. Ярилцлагын эхэнд Монгол Улсын хүн амын тоо, өсөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улс анх хүн амын тооллогыг 1918 онд явуулсан байдаг. Тэр үед  хүн амын тоо 647,500 гэж тоологдсон. Түүнээс хойш тооллогыг арван жил тутам хийдэг болсон. Сүүлийн 2010 оны тооллогоор, Монгол Улсын хүн амын тоо 2.6 сая гэж тоологдсон, гадаадад 100 гаруй мянган хүн ажиллаж, амьдарч байгааг оруулбал 2.7 сая юм.

Монголын хүн ам 1918 оноос хойшхи 45 жилийн хугацаанд нэг саяар нэмэгдсэн ба харин 2 сая болоход ердөө 26-хан жилийн хугацааг туулсан байдаг.

Дэлхийн хүн амын насны суварга

Монгол Улсын хүн ам 2000-2010 оны хоорондох 11 жилийн хугацаанд 16.1 хувиар өсч, жилийн дундаж өсөлт нь 1.5 хувьтай байна. 2000–2010 оны хооронд Монгол Улсад нийтдээ 583.8 мянган хүүхэд төрж, 179.4 мянган хүн нас барж, ердийн хөдөлгөөний цэвэр өсөлт 404.5 мянга байна.

Төр засгаас хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн арга хэмжээний дүнд 2006 оноос хойш төрөлт өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн нь хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн. 

-Монгол Улсын хүн амд хэд орчим  насны хүмүүс зонхилж,   насны бүтцийн хувьд ямар байдалтай байна вэ?

-Нийт хүн амын тоонд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин жил тутамд өөрчлөгдөж байдаг. 1990-ээд оноос өмнө Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд “залуу” бүтэцтэй орны тоонд ордог байсан.

2012 оны байдлаар нийт хүн амын 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 66.5 хувийг 15-59 насныхан, 5.8 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.

Тиймээс одоо насны бүтцийн хувьд ерөнхийдөө “идэр” бүтэцтэй орон гэж үзэж болно. Манай улсад НҮБ-ийн Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр 2012 онд хийгдсэн “Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлтийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого дах нөлөөлөл” судалгаанд тодорхойлсноор хүн ам зүйн хувьд “цонх үе” тохиож байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэжээлгэгч насны хүн ам тогтвортой эсвэл буурч байхад хөдөлмөрийн насны хүн ам өсч байгаа үе буюу хөдөлмөрийн насны бүлэг (15-64 нас) нилээд хэдэн арван жил 68 орчим хувийг эзлэн тогтвортой байхыг энэ судалгаа харуулсан.

Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөөс хүн ам зүйн бодлогод онцгой анхаарал шаардлага бий болсныг харуулж байна. 

Нийт хүн амд эзлэх 0-4 насныхан 2000 оныхоос бага зэрэг өссөн нь 2006-2009 онуудад төрөлт нэмэгдсэнтэй холбоотой. Харин 5-19 насны бүлэг дэх хүн амын хувийн жин өмнөх 10 жилийнхээс буурсан нь 2005 оноос өмнөх жилүүдэд төрөлт бага байсантай холбон тайлбарлаж болох юм. 20-24 насны хүн амын тоо хэмжээ харьцангуй их байгаа нь 1980-аад оны болоод 1990-ээд он хүртэлх төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой юм.

-Монгол Улсын хүн ам цаашдын чиг хандлага ямар байх талаар мэдээлэл өгнө үү?

Хүн ам, нийгмийн үзүүлэлтүүд

-Хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн ам 2017 онд 3 сая болох тооцоололтой байгаа. 2012 онд нийт хүн амын  27.7 хувийг эзэлж байсан хүүхэд насны хүн ам 2040 онд 21,4 хувь болж бага зэрэг буурахаар, хөдөлмөрийн насны хүн ам буюу 15-59 насныхны эзлэх хувь 66.5 хувиас 55.4 хувь болж буурахаар, хөгшин насны хүн ам буюу 60-аас дээш насныхны хүн амд эзлэх хувийн жин одоогийнхоос 3 дахин нэмэгдэж 16.7 хувьд хүрэхээр байна.

Энэ тооцооллоос харахад 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болсон байна.       

-Яг одоо хүн амын дийлэнх хэсгийг залуу насныхан эзэлж байгаа үед залуучууддаа чиглэсэн ямар бодлого, арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлж байна вэ?

-Манай Улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37,5 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо.

Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой юм.

Манай улс 2006 онд батлагдсан “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа ба Залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтоо тэдний оролцоотой тодорхойлох зорилгоор үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. 

2013 онд, “Өсвөр үеийнхний хөгжлийн форум 2013”  болон  “Залуучуудын хөгжил–шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг зохион байгуулсан.

Залуучуудын чуулганыг угтан “Залуучуудын хөгжилд хамтдаа” сарын аяны хүрээнд залуучуудын хөгжлийн асуудлаарх салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилго бүхий хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна.

-Дэлхий дахинаа жил бүрийн долдугаар сарын 11-ны өдрийг Дэлхийн хүн амын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд хүн амын өдрийг хэрхэн  тэмдэглэх вэ?

-НҮБ “Дэлхийн хүн амын байдал-2012” тайлан, илтгэлийн үндсэн сэдвийн хүрээнд “Тохиолдлоор бус, төлөвлөлтөөр гэр бүл төлөвлөлт, хүний эрх ба хөгжил” гэсэн уриалгыг дэвшүүлсэн.

Хүн амын дийлэнх хэсгийг нөхөн үржихүйн насны иргэд эзэлдэг, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал бүхий манай улсын хувьд энэхүү асуудал нь анхаарлын төвд тавигдах асуудал бөгөөд энэхүү уриалгыг дэмжиж, 2013 оны Дэлхийн хүн амын өдрийг “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын хувьд 2012 оны байдлаар 15-19 насны нийт 120 гаруй мянган охид байна. 15-19 насны 1000 охид тутамд ноогдох өсвөр насны охидын төрөлтийн тоо 1990 онд 39 байсан бол 2005 он гэхэд бараг хоёр дахин буурч 15 -д хүрсэн.  

Ер нь сүүлийн зургаан жилийн туршид  15-19 насны 1000 охин тутмын 19-20 нь төрж байна.  Өөрөөр хэлбэл энэ  төрөлтийн түвшин 2005 оноос хойш буурахгүй байгаа юм. Өсвөр насанд охид төрөх нь охидод төдийгүй тэдний гэр бүлийнхэнд төдийлөн таатай биш байдаг.

Ялангуяа охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, цаашдаа ажилгүйдэл, ядууралд өртөх эрсдэлтэй болдог.   

-Тэгвэл өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудлыг төрөөс хэрхэн анхаардаг вэ. Энэ сэдэв танай яамны асуудалтай  хэр холбоотой вэ?

-Өсвөр насныхан  хүн амын чухал бүлэг юм. Тэднийг онцгой анхаарах ёстой. Өсвөр наснаас эхлэн бусадтай ялангуяа өөрсдийн үе тэнгийнхэнтэй тогтоосон нийгмийн харилцааг өргөтгөх, үерхэх нөхөрлөх, дурлах, нийгэмд хувь нэмэр оруулах, өөрийгөө тодорхойлох, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, алдартай хүмүүстэй өөрийгөө жиших гэх мэтээр нийгэм, бие сэтгэхүйн онцлогууд хөгжиж ирэх чухал үе байдаг.

Өнөөдөр Монгол улсад өсвөр үе залууст хөгжих, дээрх хэрэгцээнүүдийг хангах орчин, нөхцөл огт бүрдээгүй байдал нь залуусыг өөр сөрөг зүйлсд хандуулах үндсэн нөхцөл болжээ гэж дүгнэж байна.Өсвөр үе, Залуучуудыг авьяас болон давуу талуудад нь тулгуурлан хөгжүүлдэг болох хэрэгтэй байна.

Тэдэнтэй ажилладаг багш нар, нийгмийн ажилтнууд, хүүхдийн байгууллагын ажилтнуудад өсвөр үеийнхний тэдний нас, хөгжлийн онцлог байдалд нь тулгуурлан өв тэгш хөгжүүлэн, төлөвшүүлэх хандлагад сурган хэвшүүлэх ажил мөн дутагдаж байна.

Хүн бүрт хөгжих боломжийг бүрэн олгох тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлан бага өртгөөр, сонирхолтой хэлбэрээр хийхэд нийгмийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй.

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн түвшин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулахад анхаарч Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлдэг ч хангалтгүй байна.

Гол асуудал нь  өсвөх насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, шуурхай үйлчилгээг цаг алдалгүй  хүргэх, багаас нь зөв зан үйлийг  төлөвшүүлэх  ёстой байдаг.   

Тиймээс бид шинэчлэн боловсруулж буй төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоороо өсвөр насныхныг өөрийгөө илэрхийлэх, манлайлах чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвших нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний насанд хүрэх шилжилтийн үеийн онцлогыг  тооцож тэдэнд нөхөн үржихүйн болон эрүүл амьдралын боловсрол, зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэхийг чухалчлах болно.

-Та сая төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого боловсруулж байгаа гэж дурьдлаа. Гэхдээ энэ шинэ бодлогын талаар ярилцахаас өмнө та одоогийн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2004 онд батлагдсан хэрэгжиж эхэлснээс хойш одоо хэрэгжилтийн гурав дахь үе шатандаа буюу ес дэх жилдээ хэрэгжиж байна.

Энэ бодлого нь  хүн амын төрөлт, нас баралт, байршил, шилжих хөдөлгөөн, гэр бүл, жэндэрийн тэгш байдлыг хангах, өсвөр үе, залуучууд, хүүхэд, ахмад настан, тахир дутуу иргэдийн асуудлууд, мөн хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, орлого ядуурал, орон байр, хоол хүнс, байгаль орчны чиглэлээр  зорилго, зорилтуудыг  дэвшүүлсэн.

Энэхүү бодлого нь олон салбарыг хамарсан, хүн  хөгжлийн цөм гэдгийг харуулсан, хүний эрх, Үндсэн хууль, соёлын үнэ цэнийг дагаж мөрдөхийг заасан, жендерийн тэнцвэртэй байдлын чухлыг дурдсан, үндэсний бодлого, хөтөлбөрт хүн амын асуудлыг чиглүүлэх хэрэгцээг гаргаж  ирсэн зэрэг сайн талуудтай ч зарим нэг залруулах асуудал бий.

-Ямар дутагдалтай асуудал бий гэж?

-2004 онд батлагдсан бодлого салбар дундын зохицуулалт шаардлагатай зорилтууд дээр хариуцагч болон хамтран хэрэгжүүлэгчийг заагаагүй, салбар дундын уялдааг хангах асуудал хангалтгүй тусгагдсан.

Бодлогын зорилго, зорилт хэт ерөнхий,  асуудал шийдвэрлэхэд буюу үр дүнд чиглээгүй, бодлогыг хэрэгжүүлэх арга зам, түүнийг үнэлж дүгнэх механизмыг зааж өгөөгүй тул бодлогын хэрэгжилтийг үнэлэх дүгнэхэд төвөгтэй зэрэг дутагдлыг нэрлэж болно.

-Энэ бүхэн Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэхэд хангалттай үндэслэл болно гэж үү?

Эдгээр дутагдлыг залруулах шаардлага байгаагийн дээр сүүлийн арван жилд Монгол Улсын үндэсний хөгжил, эдийн засгийн хөгжилд чухал өөрчлөлтүүд гарсан,  2010 оны хүн амын тооллого хийгдсэн, хүн амын  хэтийн шинэчилсэн тооцоотой уялдуулах,  манай улсад тохиож буй хүн ам зүйн урамшууллын цаг үеийг улс орны хөгжилд оновчтой үр дүнтэй ашиглах зэрэг шинэ нөхцөлүүдтэй уялдуулах, түүнчлэн хүн амын талаар тулгамдсан асуудлыг шийдэх шаардлага бий.   

-Хүн амын хөгжлийн цогц бодлого их өргөн хүрээний асуудлуудыг хамардаг юм байна. Олон салбарын асуудлууд ч байх шиг байна. Ийм өргөн хүрээний бодлогын хэрэгжилтийг хэрхэн хангах вэ?

-Тиймээ. Хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал нь олон салбар дундын бодлого, зохицуулалт шаардсан үндэсний хөгжлийн цөм асуудал юм. Хүн амын хөгжлийн цогц бодлогын утга учир нь эндээс гарч ирнэ. Бид хүн амын хөгжлийн салбар дундын уялдаа, зохицуулалтыг хангах үүднээс Хүн амын асуудлаарх үндэсний хороог Засгийн газрын шийдвэрээр энэ онд байгуулсан.  

Хүн амын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлыг Үндэсний хороогоор хэлэлцүүлж өөрийн үйл ажиллагааг бусад салбаруудын үйл ажиллагаатай уялдуулж байх, мөн бусад салбарын яамд хүнд чиглэсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхдээ энэхүү хороогоор хэлэлцүүлэн, бүх яамд саналаа нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулах боломжтой болсон.