“Хөгжлийн хэлхээ” төвийн олон талт үйл ажиллагаа
"Эрүүл нийгэм-Иргэдийн оролцоо" төслийн үеэр
2013.07.15

“Хөгжлийн хэлхээ” төвийн олон талт үйл ажиллагаа

“Хөгжлийн  хэлхээ” төв нь хүнд нөхцөлд амьдарч, хөдөлмөр эрхэлж буй тэр дундаа нийслэлийн хэмжээнд гуйлга хийн амьдарч байгаа, хараа хяналтгүй хүүхдүүд тэдний гэр бүлийн хүмүүсийн оролцох, хамгаалуулах, хөгжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангаж тэднийг нийгмийн идэвхитэй, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд зорилгоо тавьж ажиллаж байна.

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхтэй холбогдон хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй амьдралын боломж муу хүүхдүүдэд зориулан БЗД 19-р хорооны нутаг дэвсгэрт “Баясгалан” өдөр өнжүүлэх төв, БЗД 5-р хорооны нутаг дэвсгэр дээр “Бяцхан зөгий” төвийг ажиллуулдаг.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ хардаг ээж нар хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд хамруулснаар ажил, орлоготой болоход дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Хөл бөмбөгийн тэмцээний үеэр

Тус төв нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхтэй холбогдуулан энэ оны 5-дугаар сард Халамжийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд багаараа амжилттай оролцож сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг 2-р байр эзэлсэн.

Мөн зургаадугаар сарын 12-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ хамтран зохион байгуулдаг хөл бөмбөгийн тэмцээнд багаараа оролцож эмэгтэй баг цом, алтан медаль хүртсэн.

Түүнчлэн Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн Хүүхдийн холбоотой хамтран ажилладаг.

Энэ хүрээнд “Эрин үеийн эзэд” хөтөлбөрт үйл ажиллагаанд 30 хүүхэд, гэмт хэрэгт өртсөн 15 хүүхдийг нийгэмшүүлэх үйлчилгээ, хараа хяналтгүй 10 хүүхэд, тэдний гэр бүлд нийгмийн олон талт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх замаар хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, хараа хяналтгүй байхаас сэргийлэх ажлыг талуудтай хамтран гэрээлэн ажиллаж байна.