Л.Болд Хатагтай Оосе Симст шагналыг нь гардууллаа
Өнөөдөр ГХЯ-нд Норвеги улсын иргэн хатагтай Оосе Симсийг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал медаль”-аар шагнасныг Гадаад харилцааны сайд Л.Болд үнэмлэхийн хамт гардуулан өглөө.
Хатагтай Оосе Симс нь анх 1997 онд Монгол улсад ирээд гудамжны хүүхдүүдэд туслаж эхэлсэн ба жил бүр 45-50 амьдралын боломж тааруу хүүхдийн их, дээд сургуулийн зардалд нь дэмжлэг үзүүлэн сургах боломжийг нь хангадаг байна.
Мөн 100 гаруй өрхийг орон гэртэй болгож, эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг хүнс, тэжээлээр хангахад хувиасаа зардлыг нь даан гаргах гээд олон ажилд санаа тавин байнга оролцдог байна.
Найрамдал медаль нь дэлхий дахины энх тайвныг хамгаалах, улс түмний хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, тус улсын бүтээн байгуулалтад гар бие оролцон туслалцаж байгаа тэргүүний хүмүүсийг шагнаж медаль, үнэмлэхийн хамт олгодог шагнал юм.