Н.Хүрэлсүх: Энэ ондоо багтааж бүх айлын зуухыг солино
Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх
2013.06.27

Н.Хүрэлсүх: Энэ ондоо багтааж бүх айлын зуухыг солино

“Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүхтэй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн, цаашид юу хийх гэж байгаа талаар ярилцлаа.

-“Цэвэр агаар” сан байгуу­лагд­сан цагаасаа хойш ямар зорилгыг өмнөө тавьж ажиллав?

-Засгийн газрын тусгай сан буюу “Цэвэр агаар” сан байгуулагдаад ердөө хоёр жил болж байна. Гэтэл манай улс агаарын бохирдлын асуудлыг сүүлийн 20 гаруй жилийн турш ярьсан. Төр засгаас олигтой хөрөнгө гаргаж байсангүй. Харин сүүлд Монгол Улсын Ерөн­хий­лөгчөөс санаачилга гар­га­сан. Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл дээр хүртэл ярьж, шийдвэр гаргаж байсан.

Тэр үеэр Улаанбаатар хот гамш­гийн байдалд байна гэснээр ший­дэлд хүрсэн юм. Манайх агаа­рын бохирдлоороо дэлхийд эхний тавд орж байгаа том хот шүү дээ. Тиймээс агаарын бохирд­лын эсрэг дорвитой ажил­лах зорилгоор Засгийн газраас тусгай сан байгуулсан.

Ажил эхлээд дөнгөж хоёр өвлийн нүүр үзэж байна. Энэ хуга­цаанд бид гол гол салбарыг барьж авч ажиллах чиглэлтэй байсан. Энэ чиглэлийнхээ хүрээнд богино хугацаанд зуух түлшний асуудлыг голлон анхаарч ажиллаж байна. Энэ бол төр засгаас анхаарч байгаагийн бодит жишээ.

Ерөнхийлө­гчийн дэргэд Агаа­рын бохирдлыг бууруулах үндэс­ний хороо ажиллаж байна. Үндэсний хороонд бүх яам­дын Төрийн нарийн бич­гийн дарга, агентлагийн дарга нар ажиллаж байгаа.

Дээрээс нь энэ субъектыг хэрэг­жүү­лэх хамгийн том газар нь Улаанбаатар хот учраас нийслэлийн Засаг дарга Агаа­рын бохирдлыг бууруулах хорооны дэд даргаар ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга нар салбар хороодын даргаар ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас бид энэ ажлыг нэ­лээд далайцтайгаар, богино хуга­цаанд хийхийг зорьж байна.

-Тусгай сан байгуулагдаад хоёр жил болж байгаа хэдий ч энэ богино хугацаанд нэлээд ажлыг амжуулсан. Ер нь тоймлоод хэлбэл ямар ямар ажлыг амжуулав?

Зуух төсөл

-Агаарын бохирдол бол дэлхийн бүх том хотуудын үзээд туулчихсан зовлон. Тийм учраас бид шинэ “дугуй” зохион бүтээх гээд байх шаардлага байхгүй. Төр засаг нь жаахан хөрөнгө гаргаад, ард түмэн багахан зүтгэл гаргачихад бид богино хугацаанд агаа­рын бохирдлоосоо салах боломжтой.

Дэлхийн олон улс Мон­голын агаарын бохирдолд санаа зовж байна. Тийм ч учраас өөрс­дийнхөө татвар төлөгчдийн мөнгөнөөс илүүчилж бидэнд өгч байна шүү дээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтарч ажиллалаа. Гэр хорооллоос гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 орчим хувийг эзэлж байгаа гэсэн тооцоо судалгаа бий.

Мөн Улаанбаатар хотод 185 мян­ган айл өрх байна гэсэн тоо бий. Бид өнгөрсөн жил хагасын хугацаанд 120 гаруй мянган өрхөд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн Мянганы сорилтын сан болоод бусад донор байгуул­лага, улсын төсвийн хөрөнгөөр өгсөн.

Ерөнхийдөө манай хамтран ажиллаж буй гадны байгууллагууд энэ ажлыг зур­гаан жилийн хугацаанд хийнэ гэж төлөвлөж байсан юм билээ. Харин ч хугацааны хувьд манай хэрэгжүүлж буй ажил маш богино хугацаанд яваг­даж байгаа. Энэ жилийн хувьд Ерөнхий сайд үлдсэн бүх айлын зуухыг сольж дуусга гэсэн чиглэл өгсөн.

Тэр дагуу амжуулах гээд ажиллаж байна. Ер нь хотод амьдарч буй иргэд жил­дээ сая гаруй тонн түүхий нүүрс түлж байгаа юм. Зуухыг бү­рэн сольж дууссанаар бид жил­дээ 600 орчим тонн нүүрс түлнэ гэсэн судалгаа гарсан. 400 мянган тонн нүүрс байхгүй болж байна шүү дээ. Ийм хэм­жээний хэмнэлт гарна.

-Зуух солихын хажуугаар утаагүй түлшээр хангах ёстой. Энэ ажил бага зэрэг удаашраад байна уу?

-Зуух түлш хоёр нэгэн зэрэг урагшлах ажил юм. Харамсалтай нь түлшний хангалт маш муу байгаа. Хэрвээ бид 600 орчим мянган тонн нүүрсээ хагас кокс, кокс, үртсэн шахмал түлш болгоод өөрчилнө гэвэл 400-450 орчим мянган тонн хэрэг болно.

Гэтэл одоо манай дотоодын бүх аж ахуйн нэгжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаад байгаа хэр нь жилд 40 мянган тонн буюу зах зээлийн 10 хувийг нийлүүлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр түлшний хангалтын ажил бидний санасан хэмжээнд хүрч чадахгүй байна.

Цаашид энэ асуудалд анхаарах шаардлага гарах байх. Ер нь агаарын бохирдолттой тэмцэнэ гэдэг бол түүхэн ажил. Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг нь бид хугацаанд нь хийхийг зорьж байна.

Гэхдээ ард иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Яагаад гэвэл Дэлхийн банк монголчууд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлд жилдээ 450 орчим сая ам.доллар зарцуулж байна гэсэн тооцоо гаргасан.

Энэ нь өнөөдрийн ханшаар бодож үзвэл бид 700 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулж байна гэсэн үг. Гэтэл агаарын бохирдолттой тэмцэхэд 30 тэрбум төгрөг зарцуулж байна шүү дээ.

Яах вэ, бид зохион байгуулалтын арга хэмжээ аваад, олон улсын байгууллагуудтайгаа хамтарч ярилцаж, хамгийн бага зардлаар хамгийн өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж, богино хугацаанд үр дүнд хүрэхийг зорьж байна.

-Гэхдээ урт хугацааны төсөл хөтөлбөрөө ч бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа биз дээ?

-Урт хугацаанд гэвэл Улаанбаатар хотыг орон сууцжуулах шаардлагатай. Тэр бол мэдээжийн асуудал, үүний төлөө ажиллана. Бид төсвийнхөө тодорхой хувийг Э.Бат-Үүл даргын яриад байгаа хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд рүү инженерийн шугам сүлжээг татах, дахин төлөвлөлтийн ажлыг хийхэд зарцуулж байгаа.

Өнгөрсөн жилүүдэд гэхэд 10 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн 3, 4 газар инженерийн шугам сүлжээ татах ажилд зарцуулсан. Инженерийн шугам сүлжээ татаж өгөх ажил бол нэгдүгээрт, гэр хорооллыг багасгах, хоёрдугаарт орон сууцнуудын хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай.

Дээр нь иргэдийн хувьд эдийн засгийн ач холбогдол нь өндөр болж байгаа. Жишээ нь, Дэнжийн-1000 руу шугам татаагүй байх үед нэг хашаа ойролцоогоор 20 сая төгрөгийн өртөгтэй байсан бол одоо үнэ нь шууд 100-130 сая төгрөг болж нэмэгдлээ.

Энэ чинь иргэдийн хувьд эдийн засгийн ач холбогдол өндөрсөж байгаагийн илрэл. Манай Ерөнхийлөгчийн урилгаар ирсэн дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото “Үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах хэрэгтэй” гэж хэлсэн. Улаанбаатарчууд маань энэ төслийн хүрээнд одоо л жинхэнэ баялагтай болж байна.

-Хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын дараа агаарын бохирдол буурсан уу. Танайхаас харьцуулж үзэх маягаар судалгаа хийсэн байх?

-Агаарын бохирдлоо төгс шийдчихсэн улс дэлхий дээр одоогоор алга. Ер нь стандартын төвшинд барих асуудал яригдах ёстой. Ер нь стандартын төвшинд барих асуудал яригдах ёстой. Англи улс сүүлийн 100 гаруй жил агаарын бохирдлынхоо асуудлыг ярьж байна.

Хятадад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа. 2008 онд Хятад улс олимпийн наадам хийхийн тулд маш их хөрөнгө гаргасан. Тэр үедээ агаарын бохирдлоо бага зэрэг бууруулж чадсан.

Гэвч сүүлийн үеийн мэдээгээр агаарын бохирдол нь нэмэгдэж байгаа. Ингээд үзвэл дэлхийн том хотуудад агаарын бохирдол тулгамдсан асуудал хэвээрээ байна. Ер нь дэлхийн том хотын дарга нарын шүдний өвчин бол утаа, хог, нитийн тээврийн асуудал байдаг.

Гэхдээ өнөөдрийн дэлхийн саятан хотуудын агаарын бохирдол автомашинаас үүдэлтэй үүсч байгаа юм. Мөн том хотуудад үйлдвэржилтээс болж агаар бохирдож байгаа. Энэ бол голдуу Азийн томоохон хотуудад тохиолдож байгаа асуудал. Манайх бол гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол бий болчихоод байна гэж ойлгоход болно.

Гэхдээ бид сүүлийн хоёр жилд гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлоо дорвитой буулгаж чадаж байгаа. Харин бидний буулгасан гээд байгаа хэмжээ гарт баригдахуйц, нүдэнд харагдахуйц хэмжээнд хараахан хүрч чадаагүй байна.

Яагаад гэвэл Улаанбаатар хотын утаа байх ёстой хэмжээнээсээ 30-70 дахин өндөр байсан. Тийм учраас бид тодорхой стандартыг 20, 30 хувь буулгалаа ч гэсэн хэвийн хэмжээнд очтолоо удаж байгаа. Тийм учраас хүмүүсийн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч буурч чадаагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа юм. Ер нь бол утаа багасч байгаа гэдгийг манай ард түмэн бүгд хүлээж зөвшөөрч байгаа шүү дээ.

-Үлдсэн 60 орчим мянган айл өрхийн зуухыг солиод дуусчихвал утаа тэдэн хувиар буурна гэсэн тооцоо байгаа юу?

-Энэ утаагүй зуух буюу эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг бид сонгож аваагүй. Гадны мэргэжилтнүүд олон улсын стандартад хүрсэн, манайхтай адил цаг агаартай орнуудад хэрэглэгдээд, туршигдаад, батлагдсан бүтээгдэхүүнийг авчирч өгч нийлүүлсэн. Жишээ нь, Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг манай аялал жуулчлалын компаниуд бүгд аваад тавьчихсан байна.

Энэ зууханд галлахад нүүрсний хар тортогтой, том ширхэгтэй элементүүд байхгүй болсон нь мэдрэгдэж байсан. Ганцхан химийн хортой, хүнд бодисууд нь хүмүүст мэдрэгдэж байгаа юм.

Тэгэхээр бид нүдэнд үзэгдэхээс гадна хүмүүст үнэртэж байгаа тэр элементүүдийг алга болгохын тулд нүүрс түлэхээ болих хэрэгтэй байхгүй юу. Түүний оронд хагас коксжсон болон коксжсон бүтээгдэхүүнүүдийг түлэх ёстой. Манай зөвлөхүүдийн хэлж байгаа нэг санаа бол түүхий нүүрс түлэхийг эрс хориглох.

Ерөнхийдөө дэлхийн бүх улсад том хотдоо түүхий нүүрс түлэхийг хориглодог юм билээ. Бид ч гэсэн тодорхой төвшинд хүрэхээрээ, зуухаа сольж дуусаад, түлшний нийлүүлэлтээ хангаад ирэхийн цагт Улаанбаатар хотод эрчим хүчний хэрэглээнээс бусад зорилгоор нүүрс оруулж ирэхийг хориглоно.

Ингэж гэмээнэ бид илүү үр дүнд хүрнэ. Монголчууд гэрээсээ салах арай болоогүй байна. Хэдий эдийн засаг өсч, байшин барилга нэмэгдэж байгаа ч тодорхой хугацаа шаардах нь мэдээж. Гэхдээ нөгөө талд энэ ажлыг хурдасгах нэг хүчин зүйл нь хэсэгчилсэн буюу амины орон сууц барих явдал юм.

-Үлдсэн айл өрхийн зуухыг солих ажлыг энэ онд багтаагаад дуусгаж амжих уу?

-Амжуулахын төлөө ажиллана. Гэхдээ хэд хэдэн хүчин зүйл байгаа. Бид үлдсэн айлуудын зуухыг солих ажлыг Дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлэхийг зорьж байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн банкныхан зуухнуудын сорилт шинжилгээг хийж байгаа.

Ирэх долоо хоногоос гарчих байх. Түүний дараа сонгон шалгаруулалтаа хийнэ. Ер нь төр засгаас хөрнөг гаргаад ажиллаж байна. Одоо ард иргэд маань жаахан санаачилгатай хандах хэрэгтэй байна. Монголчууд маань нэг эхэлсэн бол хийжчаддаг ард түмэн. Ер нь бол зуухнаас гарч байгаа утааг арилгаж болно, хүний тархинд суусан утаа арилтлаа удах юм шиг байна.

-Эрчим хүчний хэмнэлтэд зуухыг зөвхөн нийслэлийн гэлтгүй хөдөөний иргэд авч байгаа шүү дээ. Эхний ээлжинд зөвхөн нийслэлд л тараах байсан юм биш үү?

-Бид анх зуух сольж эхлэхэд есдүгээр сарын дундаас эхлээд арваннэгдүгээр сарын дунд үе хүрэхэд дөнгөж 5000-ыг л тараасан. Тэр үед бидний эсрэг чиглэсэн аман яриа, бас бус хүчин зүйлээс шалтгаалаад борлуулалтын асуудал тааруу байсан.

Зуухны чанарыг хэн хүнгүй мэддэг болсон тул эрэлт хөдөө гадаагүй болчихоод байна. Нэн ялангуяа хөдөөнийхөн их хэрэглэж байгаа. Тийм учраас бид агаарын бохирдол ихтэй байгаа аймгуудыг бүрэн шаталтат зуухаар хангахаар төлөвлөж байна. 4-5 аймгийн агаарын бохирдол Улаанбаатар хотынхоос дутахааргүй болчихсон шүү дээ.

Тиймээс ирэх оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах бодлого барьж байна. Энэ оны нэгдүгээр сарын 18-нд болсон өргөтгөсөн хуралд Ерөнхийлөгч оролцсон.

Тэгэхэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө мөнгө гаргаж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон. Мөн Засгийн газраас тогтоол гаргасан байгаа.

Ер нь агаарын бохирдол зарим нэг байшинтай хүнд хамаагүй юм шиг ханддаг. Гэтэл бүх л хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал шүү дээ. Учир нь хүн болгон нэг л агаараар амьсгалж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

Тиймээс хүн бүр санаачилгатай хандаж, оролцох хэрэгтэй байна. Өнөөдөр 10 жирэмсэн эмэгтэйн зургаагийнх нь ураг гажигтай төрж байна гэдэг хамгийн эмгэнэлтэй, аюултай зүйл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр утааны асуудлыг ярьж, хурдан хугацаанд дорвитой арга хэмжээ авахыг яаравчлуулж байгаа цаад шалтгаан нь энэ шүү дээ.

-Агаарын бохирдолттой тэмцэх ажилд иргэд их хойрго хандаад байх шиг байна. Үндсэндээ иргэний үүргээ биелүүлэхгүй байна шүү дээ. Тийм хүмүүсийг яах вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд төр засгаас тодорхой төсөв хөрөнгө гаргаад ажиллаж байна. Харин манай ард иргэд маш хойрго байгаа. Бид 2013 оны эцэс гэхэд бүх айлынхаа зуухыг сольж дууссаны дараа шалгалт хийнэ.

Тэгээд төр засгаас явуулж байгаа энэ ажлыг дэмжиж оролцдоггүй, иргэний үүргээ биелүүлдэггүй, бусдын өмнө хариуцлага хүлээж чаддаггүй хүмүүст зохих хариуцлага тооцно. Ер нь монголчууд бусдын өмнө хариуцлага хүлээж сурах цаг нь болсон.

Аягүй бол зуухаа солиогүй нэгэн айлд хөл хүнд охин нь, дөнгөж төрсөн нярай байж л байгаа. Тийм учраас ийм хариуцлагагүй байдлаас бид бүгдээрээ салах цаг болсон.

Иргэн бүрийн оролцоо энэ ажилд их хэрэгтэй, эцэст нь эдгээр хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэнд, эдийн засаг, ирээдүй хойчдоо л өнөөдөр хөрөнгө оруулж байна гэж ойлгох хэрэгтэй байгаа юм.