Харвалт өгсөн хүний мэдрэлийн эс нэг минут тутамд хоёр сая үхэж байдаг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Харвалт ба зүрхний шигдээс" төслийн хүрээнд шийдвэр гаргагч талуудын уулзалт Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр боллоо.
Тус уулзалтаар тархины харвалтыг бууруулах менежментийн чиг хандлагыг ярилцаж, харвалтыг хэрхэн бууруулах болон харвалт өгсөн хүнд түргэн тусламжийн арга хэмжээг хэрхэн хурдан шуурхай үзүүлэх талаар хэлэлцэв.
Мөн эмнэлгийн нөхцөлд авах арга хэмжээ удааширсан тохиолдолд ямар хор нөлөөтэй болох талаар ярилцсан бөгөөд даралт харвасан хүн эмчилгээгээ 1 минут оройтож авахад 2 сая мэдрэлийн эс үхдэг аюултай болохыг хэлж байлаа.
"Харвалт ба зүрхний шигдээс" уулзалтын үеэр
Харвалтаас болж нас барж буй хүн манай улсын хэмжээнд жилийн дунджаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 101, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 59 гэсэн тоо гарсан байна. Энэхүү тоог бууруулж 60 минутад түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон талаар уулзалтыг зохион байгуулагчид хэлж байлаа
Мөн салбарын Дэд сайд Ж.Амарсанаа энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэхэд ЭМЯ болон Эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал бөгөөд үр дүн хамгийн их хэрэгтэй гэдгийг сануулаад цаашид ч эдгээр асуудлуудаар ЭМЯ эмнэлгүүдийг үргэлжлүүлэн дэмжиж, хамтарч ажиллах болно гэдгийг хэлсэн юм.