“Амьдралын зөв хэв маягийг сонгоё” өглөөний алхалт болов
ЭМЯ-наас “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” өглөөний алхалт, уулзалтыг өнөөдөр зохион байгуулж өглөөний 7:00 цагт Бөхийн өргөөнөөс эхлээд яам дээр ирэв.
Архинаас татгалзаж байгаа залуучуудын саналыг ЭМЯ дэмжиж амьдралын эрүүл, зөв хэв маягийн талаар ухуулга сурталчилгаа хийх, тэднийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ алхалт нь эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд цаашид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, төрийн албан хаагч эмэгтэйчүүд, мөн дүүрэг бүрт нэг өдөр зэрэг зохион байгуулагдахыг хэллээ. Тэрбээр энэхүү уулзалтыг халхалсан далдалсан зүйлгүй шударга болж байгааг онцлоод дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
ЭМЯ-наас “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” өглөөний алхалт, уулзалтыг өнөөдөр зохион байгуулж өглөөний 7:00 цагт Бөхийн өргөөнөөс эхлээд яам дээр ирэв.
ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат архинаас гарсан залуучуудад хандан олон хүнийг нийгмийн идэвхтэй амьдрал руу шилжүүлэхэд үлгэр дуурайлал болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлэв.
СЭМҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Насанцэнгэл Монгол Улсын хэмжээнд архины хэрэглээ их байгааг хэлээд, насанд хүрэгчдийн 57,2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг, 14 хувь нь архинд донтох өвчтэй байна гэв. Түүнчлэн өөрийн хүсэл эрмэлзлээрээ сургалтад хамрагдаж, архинд донтох өвчнөөс салах чин хүсэлтэй болоод харьж байгаа хүмүүст баярлаж байгаагаа хэлсэн байна.
“Амьдралын зөв хэв маягийг сонгоё” алхалтад оролцож буй суралцагчдын зүгээс санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, ЭМЯ, Хэнтий аймгийн удирдлагууд болон сургалт явуулж буй багшдаа талархаж буйгаа хэлсэн юм. Тэдний зүгээс архинаас гаргах сургалт гэхээр тоодоггүй хэдэн юм хэлж ярьж, зураг үзүүлээд болчихдог байх гэж бодож байлаа. Гэвч байдал дээрээ архины тухай ч ярихгүй, хүний бухимдаж бугшсан оюун санааг цэвэрлэж сэргээж өгдөг юм байна гэв. Эмэгтэйчүүдийн төлөөллөөс хэлэхдээ архи уух нь зөвхөн тухайн хүнээс болдоггүй, гэр бүлийнхэн болоод эхнэрээс ихээхэн шалтгаалдаг тул эрчүүдээ хүндэлж явъя хэмээн уриалав.
Алхалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны дарга Д.Мөнхбат, СЭМҮТ-ийн хамт олон, Эрүүл идэвхтэй амьдрал клубынхэн, архинаас гарсан болон гарч буй 50 залуу оролцлоо.