Н.Удвал: Эмч нарыг багаар нь гадаадад сургаж туршлага судлуулна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал www.zasag.mn сайтаар цахим хэрэглэгчдэд, МҮОНР-гийн 100,9 долгионоор нийслэлийн сонсогчдод шууд хүрдэг “Өглөөний шинэ санаа” уулзалтад оролцлоо. Энэ уулзалтаар Н.Удвал сайд ирсэн асуултад хариулж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилсан тус уулзалтад өмнө нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нар оролцжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд салбарын шинэчлэл, Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа. 2005 онд 45 мянган эх амаржиж байсан бол өнгөрсөн онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Харин энэ хугацаанд нэг ч төрөх эмнэлэг, эх барихын эмч, сувилагчдын тоо нэмэгдээгүй аж. Тиймээс энэ хоцрогдлыг арилгахын төлөө ажиллаж байгаа, энэ жилээс үр дүн гарна гэдгийг салбарын сайд дурдлаа. Мөн манай улсад баригдаж буй он дамжсан 35 эмнэлгийн барилга байгаас Түлэнхийн төв зэрэг 10 гаруй эмнэлгийг энэ жил барьж дуусгана гэдгийг тэрбээр хэллээ.
Манай улсад баригдаж буй он дамжсан 35 эмнэлгийн барилга байгаас Түлэнхийн төв зэрэг 10 гаруй эмнэлгийг энэ жил барьж дуусгана гэдгийг тэрбээр хэллээ.
Түүнчлэн эрүүл мэндийн асуудалд тодорхой хариулт өгсөн юм. Тухайлбал, “Эрчүүдийн эрүүл мэндийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, амбулаторийн үзлэгт жилд давхардсан тоогоор 17 сая хүн, 700 мянган иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэсэн юм. Эмчлүүлэгч нарын зүгээс эмч ажилтнуудын зан харилцааны соёл дутмаг талаар санал ирж байгаагийн бурууг эмч нартаа өгөхгүй, учир нь эмч нарт зан харилцааны хичээл, сургалт орж байгаагүй, энэ талын сургалтыг явуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Иргэн хүн эмнэлэгт үзүүлж, үйлчлүүлээд гарахдаа сэтгэл ханамжтай буцдаг байхад эрүүл мэндийн шинэчлэлийн ач тус оршино хэмээн Сайд Н.Удвал хэлж байлаа. Асуулт, хариултаас тоймлон хүргэе.
-“Оргил” рашаан сувиллын хувьчлалын асуудалд яам ямар байр суурьтай байна вэ?
-Оргил рашаан сувилал нь сэргээн засах рашаан сувилалын мэргэжил арга зүйн төв байх ёстой. Тиймээс тус сувилал нь төрийн өмчийн, Эрүүл мэндийн яамны рашаан сувилал болоод нөхөн сэргээх эмчилгээний мэргэжил арга зүйн лавлах төв байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Хөдөөнөөс аймагт ирж шинжилгээ өгөхөд хүндрэлтэй байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ асуудлыг Засгийн газар судлаж үзээд “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөртөө аймгуудыг оношлогооны төвтэй болгох асуудал яригдсан. Эхний ээлжинд Ерөнхий сайдын шинэчлэлийн хөтөлбөрөөс 20 тэрбум төгрөг гаргаж 11 аймгийг оношлогооны төвтэй болгож хөдөөнөөс ирж байгаа чирэгдлийг буурах ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хөдөөнөөс тархи, зүрхний бичлэг, чих хамар хоолой зэрэг бүх л шатны оношлогоог хийлгэх гэж ирдэг. Харин эдгээр иргэдээ хөдөө орон нутагт нь оношлогдог болсноор чирэгдэл 50-60 хувь буурах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, зайны оношлогооны аргаар хөдөөнөөс ирэх чирэгдлийг бууруулах болно. Цаашид сумдад вэбд суурилсан зайны оношлогоог нэвтрүүлж улсын хэмжээгээр тухайн орон нутгтаа нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог авах боломжтой болгохын төлөө ажиллаж байна. Энэ хөтөлбөр ч амжилттай хэрэгжиж байна. Одоогоор найман аймаг, хоёр дүүрэг эрүүл мэндийн харъяа зарим төрөлжсөн байгууллагуудад зайны оношлогооны арга нэвтэрсэн.
-Монгол Улсын хүн амыг эрүүл чийрэг байлгахын төлөө ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал нэлээд хүнд байна. Үүнд ямар бодлого баримталж байгаа вэ. Эмч нараа хэрхэн анхаарч байна?
Эрүүл мэндийн суурь шинэчлэл болоод “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал болсон цалин болон ажлын үнэлэмжийн асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байна.
-Эрүүл мэндийн суурь шинэчлэл болоод “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал болсон цалин болон ажлын үнэлэмжийн асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тиймээс хөтөлбөрт эмч нар шууд хамрагдах боломжтой. Үүнд зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, эмчийн цалинг төсвийн цалингийн сүлжээнээс гаргаж эрүүл мэндийн даатгалаас цалинжуулах замаар олон улсын жишигт хүрсэн цалинтай болгох талд эрүүл мэндийн яам ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын 21 хувиар санхүүжилт хийгддэг бол цаашид 60 хувьд хүргэх болно. Мөн эмч нарыг хийсэн ажлаар нь дүгнэх явдал юм. Иймээс ажлын үнэлэмжийг гаргах асуудал яригдаж байна. Дэлхийн жишигт мухар олгойн хагалгаа, кесвир хагалгаа ямар үнэтэй байдаг, сувилагч нэг тариа хийхэд ямар үнэтэй байдаг гэдгийг нь судлан олон улсын жишигт ойртуулж хийсэн ажлаар дүгнэх, норм нормативыг тогтоож цалинг олон улсын төвшинд хүртэл нь шат дараатай нэмэх бололцоо бүрдэж байна.
-Шинээр төгсөн гарч байгаа эмч мэргэжилтнүүдийн ур чадвар муу байна. Энэ асуудалд ямар хариу өгөх вэ. Дахин бэлдэх мэргэшүүлэх асуудал хэр хөндөгдөж байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарынханы төгсөлтийн дараах сургалт нь эрүүл мэндийн салбарын суурь асуудлын нэг юм. Одоогоор таван жил тутамд эрүүл мэндийн салбарын эмч ажилчид мэргэжил дээшлүүлсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс энэ асуудалд нэлээд өөрчлөлт хийх гэж байна. Үүнд уламжлалт төгсөлтийн дараах сургалтаас гадна эрэгтэйчүүдийн эмч, анагаахын сэтгэл судлаач, клиникийн эм зүйч зэрэг шинэ сургалтаар бэлдэх шинэчлэлийн бодлого хэрэгжинэ. Мөн багаар нь болон зайнаас сургах, ажлын байранд сургах, гадаад оронд багаар нь сургаж туршлага судлуулах гэх мэт олон аргуудаар салбарынхаа ажилтнуудыг системтэй, эрчимтэй бэлдэх шаардлагатай байгаа. Тиймээс эрүүл мэндийн ажилтны хөгжлийн хүрээлэнг байгуулах асуудлыг Засгийн газарт оруулах гэж байна.
-Сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэнд гэдэг асуудлыг нэлээд хөндөж байгаа. Тиймээс бүх нийтийг чийрэгжүүлэх талд ямар ажил хэрэгжүүлэх гэж байна?
-Бид эрүүл чийрэг, зөв зохистой хооллож архи тамхи хэрэглэхгүй, биеийн жингээ тогтмол барьж сэтгэл санаагаа зөв удирдаж явах юм бол зүрх судасны өвчнөөс 80 хувь, чихрийн шижин өвчнөөс 90 хувь, хорт хавдраас 30-40 хувь сэргийлж чадах юм.
Тиймээс энэ сарын 7-ноос сарын хугацаатай “Эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж байна. Энэ хүрээнд хоёр ажлыг нэвтрүүлэх гэж байна.
Нэгдүгээрт, нийслэийн шөнийн амьдрал гэж хөдөөгийн ард түмнээс гарсан саналын дагуу залуучуудыг шөнийн амьдралаас гаргаж нар хардаг болгох асуудал. Монголчууд эрт дээр үеэс ярьж хэлдэг байсан уруудахад унтах идэх, дээшлэхэд сэрэх санах гэж. Тиймээс эрүүл мэндийн яамнаас нарны гүйлтийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. Өглөө бүр нарнаар тухайн газар нутагтаа гүйдэг байх асуудлыг нэвтрүүлэх юм. Мөн бүх нийтийг тэр дундаа ахмадуудыг хамарсан хийн дасгалуудыг хийх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.
-Хувийн эмнэлгүүд олноор бий болсон ч улсын эмнэлгийн ачааллаас үүрч чадахгүй байна гэсэн асуудал яригдаж байсан. тиймээс хувийн эмнэлгүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Энэ ажилд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Хувийн эмнэлгүүд хангалттай олон бий болсон ч улсын эмнэлгийн ачаанаас үүрч чадахгүй байна гэдэг шүүмж гарч байгаа. Тиймээс хувийн эмнэлгүүдэд чанараар нь зохицуулалт хийнэ. Хамгийн гол нь магадлан итгэмжлэгдсэн байдал, чанарын үзүүлэлтээр нь зохиоцуулалт хийх юм. Мөн улсын эмнэлгүүдэд ачаалалтай байдаг бөөр зэрэг өвчлөлийг гэрээгээр үзэх асуудлыг судлаж байна.
-Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг юунд зарцуулж байна вэ?
-Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийн нэг хувь нь архины татвараас хоёр хувь нь тамхи, эмийн бүртгэл гэсэн гурван эх үүсвэрээс санхүүждэг. Энэ нь архи тамхины хор уршиг түүнээс үүдсэн өвчин эмгэгийг бууруулах, сургалт сурталчилгаа, боловсон хүчин бэлдэх асуудлууд, эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр зэрэг асуудлыг шийдэхэд. Мөн эрүүл мэндийг дэмжих эрүүл ажлыг байрыг бий болгох зөв зохистой хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэг асуудалд эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө зарцуулагддаг.