“Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” конгресс эхэллээ
Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан хамтран эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, нярай, хүүхдийн эмч, эс судлаач эмч нарт зориулсан “Туршлагаа солилцон тусламжаа сайруулцгаая” үндэсний 5 дугаар конгрессыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2007 оноос Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын ХАС хамтран хэрэгжүүлж байгаа “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд 5 дахь удаагийн үндэсний конгрессыг эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, нярай, хүүхдийн эмч, эс судлаач эмч нарын хүрээнд хийж байгаа аж.
“Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” 2011 оныконгресс
Энэхүү уулзалт нь практикийн эмч нарыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулж тэд нарын судлаач байх ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлагаа солилцох ач холбогдолтой юм.
Хурлын үеэр эх-ургийн анагаах ухааныг хөгжүүлэх, пренатал илрүүлэг, эх, хүүхдийн өвчний тандалтын тогтолцоог нэвтрүүлэх, үргүйдлийн орчин үеийн оношлогоо эмчилгээний нэгж байгуулах, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний удирдамжуудын талаарх асуудлуудыг онцгойлон авч хэлэлцэж байна.
Хурлын үйл ажиллагаанд өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар Шинэ Зеланд, Солонгос, Тайланд, Оросын холбооны улс, Япон зэрэг орнуудаас зочин профессорууд ирж илтгэл хэлэлцүүлж байна.
Тус хуралд ЭМЯ,ЭХЭМҮТ,Нийслэлийн амаржих газрууд, Монголын Эх барих Эмэгтэйчүүдийн Эмч нарын Нийгэмлэг,Монголын Эрчимт эмчилгээний эмч нарын нийгэмлэг, 21 аймаг, 6 орон нутгийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, НҮБ-ын ХАС, олон улсын байгууллагууд, томоохон хувийн төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцож байна.