О.Баасанхүү: Шүүхийн шинэтгэл гэгч ний нуугүй хэлэхэд Жорж Соросын далд бодлого байсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.06.14

О.Баасанхүү: Шүүхийн шинэтгэл гэгч ний нуугүй хэлэхэд Жорж Соросын далд бодлого байсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Өнөөдөр монголд хуулийн хэрэгжилт ямар байна. Хуульч гишүүний хувьд энэ талаар ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Монгол Улс  маш олон хуультай. Цаашдаа ч шинэ хуулиуд  батлагдана. Гэтэл тэдгээр хуулиуд гурван байдлаар батлагддаг. Нэгдүгээрт, аль нэг компани, бүлэглэлийн эрх ашгаар, хоёрдугаарт та нар энэ хуулиа хурдан батал, тэгэхгүй бол харилцахгүй гэсэн гаднын шахалтаар, гуравдугаарт, нийгмийн хэрэгцээ шаардлагыг огт мэдрэхгүйгээр  бусдын жишгийг харж хийдэг..

Үүнээсээ болоод хууль хэрэгжихгүй байгаа юм. Тэгэхээр өнөөдөр байгаа бүх хуулийг нэг системд оруулах ёстой. Тэр тогтолцооны хамгийн энгийн зүйл нь хууль батлагдсан бол  тэр нь аль ч парламентын үед үйлчилдэг байх ёстой.

Өнөөдөр ямар байна вэ гэвэл,  энэ парламентын үед батлагдсан хууль нь дараагийн парламентын үед үгүйсгэгддэг, ингэж монгол төрийг суурьгүй болгож болохгүй. Тиймээс өнөөдөр шинжлэх ухаанжсан хууль гаргая, хамгийн гол нь амьдралд суурилсан, нийгмийн хэрэгцээ шаардлагад суурилсан хуулийг баталж, ийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-Бид Ерөнхийлөгчийн эрх зүйн шинэтгэл гэж багагүй ярьсан. Тэр   талаар та юу хэлэх вэ?

-Шуудхан хэлэхэд тэр бол Соросын бодлого. Нуулгүй хэлэхэд, тэр бол Жорж Соросын эдийн засгийн алуурчдыг бэлтгэж байгаа нэг хэлбэр. Би түрүүн хэлсэн ийм учраас бид  үүний эсрэг монгол хөрсөнд суурилсан шинэчлэл, ийм тогтолцоог бий болгох хэрэгтэй.

Гэмт хэргийн тухай хууль гэж  байна, цагдаагийн тухай  хууль байна. Бид бүгд мэднэ. Түүгээр эрхзүй заадаг. Гэтэл махчилсан орчуулгаар хийсэн хуулбарласан хуулиуд байна шүү дээ. Цагдаагийн эрхзүйн тухай хууль гэхэд аюулгүй байдал, санхүүгийн эрсдлийг харгалзсан байх ёстой.

Шүүх засаглал бол шүүх, шүүгч, прокурорын нийлбэрийг хэлж байгаа. Гэтэл шүүгчид л зориулаад хуулиа баталчихсан. Шүүгч нараа цэгцлээд тавилаа гэхэд прокуророо яах вэ, өмгөөлөгч яах юм бэ.

Энэ тогтолцоог өөрчлөхөд наад зах нь 2500 өмгөөлөгч хэрэгтэй болчихож байгааг яах вэ. Гэтэл өнөөдөр хүн болгон хуульч байх албагүй шүү дээ. Хүн болгон хуулийн салбарт ажиллах хэрэггүй. Цомхон бөгөөд чадварлаг, хамгийн гол нь хараат бус шүүх хэрэгтэй, ийм байх ёстой.

лс төрчид хуулийн байгууллага руу шургалдаг, гар хөлөө оруулдаг.  Үүнийг яаж цэгцлэх ёстой вэ?

-Улс төрийн ямар ч албан тушаалтан, Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай, УИХ-ын гишүүн ч бай хэзээ ч хуулийн байгууллагын дотоод үйл ажиллагаа, бодлогод нөлөөлж түүгээр дамжуулан улс төр хийдгээ болих  хэрэгтэй.

-Шүүгч, прокуроруудыг Ерөнхийлөгч томилдог. Тэгвэл эдгээр асуудлууд танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Н.Удвалын мөрийн хөтөлбөрт хэрхэн туссан бэ. Эсвэл төрийн тэргүүний сонгуульд энэ асуудал хамааралгүй  гэж үзэж байгаа юу? 

-МАХН-аас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалын мөрийн хөтөлбөрт олон асуудал багтсан. Жишээлбэл, түүний дэвшүүлсэн “Таван бодого-Таван зорилт” мөрийн хөтөлбөрийн 5.1-д “хууль хэрэгждэг болгоно. Шударга ёсны үндэсний тогтолцоог бий болгоно.

Улс төрийн болон бусад шалтгаанаар, хараат байдлаар хэрэг маргааныг шийдсэн шүүгчдэд хариуцлага хүлээлгэж, шүүхийн авлигыг устгана гэж байгаа. Жишээ нь, өнөөдөр монголд АТГ гэж байна. Тэд авлигын гэмт хэргийг мөрдөж шалгаж шоронд хийдэг газар биш.

АТГ-ыг шинэчилж,  жинэхэн орчин үеийн хэлбэрт нь, мөн чанараар нь ажиллуулна.

Тийм байсан бол бид агентлаг байгуулах хэрэггүй. Түүнийг цагдаа хийчихэж болно. Бид яагаад агентлаг байгуулсан бэ гэвэл, авлигын гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилсан сэргийлж, соён гэгээрүүлж, хэрэв гарсан тохиолдолд таслан зогсоох ёстой. Гэтэл манайд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил хийгддэггүй.

Зөвхөн мөрддөг, мөшгилдөг, дарамталдаг. Ийм байдлаар өнөөдөр Монгол Улсыг айдаст автуулаад байгаа учраас  үүнийг бид эсэргүүцэж байгаа. Тиймээс АТГ-ыг шинэчилнэ. Жинэхэн орчин үеийн хэлбэрт нь, мөн чанараар нь ажилуулна.

-МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг иргэд, сонгогчид хэрхэн хүлээж авч байгааг журмын нөхрийн хувиар, хамтран зүтгэгчийн зүгээс, мөн намын Бага хурлын гишүүний байр сууриас хэрхэн үнэлж дүгнэж байгааг сонирхоё?

-Монгол Улсын өнцөг булан бүрт даргын тогтолцоо бий болчихжээ. Төрийн албан хаагч, жирийн иргэд, энгийн ард олон маш их ядарч байна гэж байна. Жишээ нь,  саяхан  есөн сартай хүүхэдтэй хөхүүл эх, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт  бутлагч машин дээр ажиллаж байгаад амь насаа алдсан байна.

Гурил шиг болтлоо тээрэмдүүлсэн тэр эмэгтэйгээс юу ч үлдсэнгүй. Нөхөр нь одоо болтол тийм явдал болсон гэдгийг үнэмшихгүй байгаа  гэсэн. Уг нь тэр эх өнөөдөр гэртээ хүүхдээ хараад байж байх ёстой. Тэр эх мөнгөний төлөө яваагүй шүү дээ.

Тэр хүн бизнес хийж баяжих гэж зүтгээгүй. Тэр ээж ажил хийж мөнгө олоод олсон мөнгөөрөө үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлье гэсэн шүү дээ. Гэтэл байдал ийм хүнд байна. Энэ нь өөрөө бид өөрчлөлт хийх ёстойг, тэр цаг ирснийг, тав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ сонголт хийхийг хэлээд байгаа юм биш үү.

Тэгэхээр нэр дэвшигчийг иргэд яаж хүлээж авч байна гэхээс илүү байгаа байдал нь, нийгмийн захиалга нь юу хэлээд байна вэ гэдгийг харах, үнэлэх боломж олгож байгаа гэж ойлгож байна. Иргэдийн байр суурь ч ийм байгаа нь ажиглагдсан. Бид нийгмээ эмчлэх, энэрэх, халамжлах тэр цаг  ирсэн.