Шинэчилж шийдье 222 уулзалт Ипотекийн зээлийн талаар мэдээлэв
2013.06.11

Ипотекийн зээл ирэх долоо хоногоос хэрэгжинэ

Төрийн ордонд өнөөдөр болсон "Шинэчилж шийдье-222" хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Б.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар оролцож 8/-+1/ хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэх журам баталсан талаараа олон нийтэд мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Засгийн газрын тэргүүн орон сууцны зээлийг 9 сарын хугацаанд судалж, хөтөлбөр боловсруулсан гэдгээ дурдаад, ирэх даваа гарагаас зээл хүссэн иргэд банкуудад хандах боломжтой гэдгийг онцолсон. Орон сууцны зээлийн ерөнхий журам өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн гэдгийг ч Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн “Өнөөдрийн энэ үйл явдал бол эдийн засгийн том хувьсгал юм. Итгэхгүй байгаа бол даваа гарагт хараарай” хэмээснийг энд онцлох нь зүйтэй бизээ.

Юутай ч энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны шалгуурыг давж байгаа бүх арилжааны банкаар дамжиж орон сууцны зээл олгогдоно гэв.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн асуулт, хариултыг хүргэе.

-Орон сууцны зээлийн санхүүгийн эх үүсвэр ямар байгаа вэ. Санхүүжилт дууссанаас зээл олгох боломжгүй болох тохиолдол гарч байсан. Үүнийг давтахгүй гэсэн баталгаа бий юу?

Н.Алтанхуяг: Одоо мөнгө дуусахгүй. Учир нь зээлийн эргэлтийн хөрөнгийг дараагийн иргэдэд олгох замаар явна. Иргэдийн нийгмийн даатгалын сан энэ зээлийн санхүүжилт болж байгаа.  

-Төрийн албан хаагчдад гэж туйлшрах уу. Ажилтай, орлоготой иргэн бүр хамрагдах боломж бий юу?

Н.Алтанхуяг: Одоо иргэдэд ямар нэг ялгавар байхгүй. Тогтвортой ажил эрхлэх хэрэгтэй гэсэн шалгуур иргэдэд тавигдана. Чардайтлаа ажилла гэдэг ганц шалгуур тавина.

2012 оны байдлаар Ипотекийн зах зээл

Мөн зээлд хамрагдах орон сууцны метр квадратын үнийг 80 метр квадрат болгож өсгөсөн давуу тал бий.

-Найм дээр нэмэх, хасах нэг хувийн хүүтэй байна гэж журамд заасан. Ямар тохиолдолд хэлбэлзэх вэ?

Н.Алтанхуяг: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч орон сууцны зээлийн хүү 7-9-ийн хооронд хэлбэлзэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ буувал 7 хувь, өсөөд байвал 8 хувь байна гэсэн үг.

-Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бэлэн болсон байрны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байна уу?

Ц.Баярсайхан: Байрны үнийн өсөлтийн эсрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Барилгын материалын үнийг бууруулах чиглэлд ч анхаарсан. Орон сууцны компаниудтай удаа дараа уулзсан. Ер нь бол байрны үнийг түдэд барина гэж шууд тогтоох боломжгүй. Тиймээс нийлүүлэлт талд нэлээд анхаарч байна. Байрны үнэ 1-10 хувиар буурсан гэсэн мэдээлэл байгаа.  Жилдээ 5000 орон сууц барих хүчин чадалтай юм.

Н.Золжаргал: Энэ бол маш их ярьсан сэдэв. Үнэ чанарт нөлөөлдөг учраас нийлүүлэлтийг нэмэх чиглэлээр үнийн өсөлттэй тэмцэхээр болсон. Үнэтэй тэмцдэг цорын ганц арга бол нийлүүлэлтийг дэмжих юм. Үнэ нэмэгдэх дохио гарч ирэх л юм бол эрэлтээ багасгаж, зохицуулаад явна.

-Урд нь өндөр хүүтэй банкны зээлээр байр авсан хүмүүс 8 хувийн хүү рүү шилжих боломжтой гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

Н.Алтанхуяг: Банкны зээлээр байр авсан иргэд долоон сарын дараагаас 8 хувийн хүү рүү шилжих боломжтой гэж байсан. Үүнийг бид ярилцаад ирэх даваа гарагаас эхлэн шилжүүлэхээр тохиролцож байна.  

Н.Золжаргал: Даваа гарагаас 8 хувийн хүү рүү шилжүүлэх асуудлыг ерөнхийдөө зөвшөөрөх тал руу шийдсэн. Мэдээж эрсдэлтэй зүйл байгаа. Гэхдээ энэ сарын 17-ноос эхлээд иргэд бичиг баримтаа бүрдүүлээд хандах эрх нь нээлттэй. Санхүүжилтийг шийднэ.

-Орон сууцны хөтөлбөрт тэтгэвэрийн насны хүмүүс хамрагдах боломж бий юу?

-Засгийн газар Төрийн орон сууцны корпораци байгуулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийднэ. Энэ корпораци хүнд очоогүй газрыг өмчилж, барилгын компаниудаар байр бариулаад түрээслэх, түр эзэмшүүлэх, худалдах зэрэг ажлыг хийнэ.

Корпораци бага үнээр түрээсэлдэг, шаардлагатай тохиолдолд бага үнээр зардаг, төрийн зарим албан хаагчийн урдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлдэг байх талаар ярьж байгаа.

-Зээлд хамрагдах иргэд урдчилгаа 10-30 хувь төлнө гэж журамд заасан. 10 хувийг төлөх үү 30 хувийг төлөх үү гэдгийг хэн тогтоох вэ. Банкууд бол 20-иос доошгүй хувийг шаардаж байгаа?

Н.Алтанхуяг: Үүнийг арилжааны банкууд шийднэ. Тухайн иргэний орлого, авах зээлийн хэмжээ нөлөөлнө гэсэн үг.

-Урдчилгаа төлбөрийн боломжгүй иргэдэд зориулсан зохицуулалт байгаа юу?

Н.Алтанхуяг: Зорилтот бүлэгт зориулсан хөтөлбөр гаргахаар ярилцаж байна. Энэ асуудлыг судлаад намраас хэрэгжүүлнэ. Үүн дээр хугацаа хэрэгтэй байна.