УИХ-н гишүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд
2013.06.07

Элчин сайдын яамыг харилцан нээх зарчмыг хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэ байгууллагуудыг байгуулахад зардал төсөв, орон тооны хувьд ямар байх вэ, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэрхэн харж байгаа вэ, татварын орлого хангалтгүй байгаа үед олон газар нээх нь хэр зохимжтойг анхаарах хэрэгтэй.

Истанбулаас бусад оронд консулын газар нээх шаардлагагүй

Истанбулаас бусад оронд консулын газар нээх шаардлагагүй санагдаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад энэ олон элчин сайдын яам, консулын газар нээхээр оруулж ирж байгаа нь арай түргэдэж байна гэлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд:

Бид үүнийг олон талаас нь ярьж, судалж оруулж ирсэн. Яамны зүгээс цаашид хоёр талдаа Элчин сайдын яамыг харилцан нээх зарчмыг хэрэгжүүлнэ.

Энэ тогтоолд заагдсан газар орнуудын тухайд нэмэлт зардал гаргаж зөвхөн нээхийн тулд нээх гэж байгаа юм биш гадаад бодлогын чиглэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааны байдал зэргийг харгалзан оруулж ирж байгаа юм.

Хэрэв тогтоолын төсөл дэмжигдвэл ирэх жилийн төсөвт дарамт учруулахгүйгээр яам өөрийн төсөв, орон тоонд зохицуулан шийдэх боломжтой гэдгийг хэллээ.