Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа
2013.06.06

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд байшин барихгүй

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс газар тасдан авч шүүхийн байр барихаар хууль зүйн яамнаас санал гаргасан. Энэ тухайн нийслэлийн тамгын газарт мэдэгдэж, улмаар газраа сонгохоор мэргэжилтнүүдээ илгээсэн байна.

Тэгвэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар энэ бүх ажлыг таслан зогсоолоо.

Хууль зүйн яамнаас 4 га газар авахаар мэргэжилтнүүд  ирсэн. Харин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал дээд шүүхийн байшин барихын тулд цэцэрлэгт хүрээлэн устгах нь буруу гэдгийг илэрхийллээ.

Хууль зүйн яамны авах гээд байгаа газарт эрдэм шинжилгээний хаалттай бүс байдаг бөгөөд 20 орчим тэрбум төгрөгийн үнэтэй мод бут бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

УИХ-ын гишүүн, Ж.Энхбаяр

Ботаникийн хүрээлэн гэдэг монгол улсад байгаа нийт ойн, сангийн нөөц болсон байгууллага. Газрыг нь хууль зөрчин ашиглахаар асуудал үүсгээд байгааг тайлбарла гэсэн бол.

Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун:

Тусгай хэрэгцээт газар учир хэн нэгэн даргаар шийдэгдэх асуудал биш. Одоогоор шийдчихсэн юм байхгүй хүсэлт л тавьсан байгаа. Манай яам ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээ хамгаалаад барилга бариулахгүй гэсэн байр суурьтай байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

Ботаникийн цэцэрлэгээс одоо 10 хувь нь үлдэж байх шиг байна. энэ арван хувийг бид ярихгүйгээр, асуудалгүйгээр ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд гар хүрэхгүй. Өргөн уудам нутагтай энэ улсад олон төрлийн зүйл ургамал байгааг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд туршилт явуулдаг. Тэр зүгээр нэг хоосон талбай биш шинжлэх ухааны нэг том лаборатори гэж ойлгох хэрэгтэй.

Хэрвээ энэ газар барилга баривал байгаль орчны төлөө ажилладаг эрдэмтний сүүлийн 50 жилийн хөдөлмөр үгүй болно. Цаашлаад өөр газар ажлыг эхлүүлсэн ч 20 жилийн хугацаа алдахыг эрдэмтэд сануулж байна. Харин хууль зүйн сайд энэ газар шүүхийн цогцолбор мөн дамжин өнгөрөх хорих анги барихаар тооцоолсон гэсэн мэдээлэл бий.