“Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” хуралдаан
2013.06.05

“Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо

Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далайн бүсийн “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг Бүсийн холбоо, Хөдөлмөрийн яам, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран Улаанбаатар хотноо 2013 оны 6-р сарын 3-наас 7-ны хооронд  зохион байгуулж байна.

Арга хэмжээ өнөөдөр “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” хуралдаанаар эхэллээ. Хуралдаанд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, М.Батчимэг нарийн төрийн түшээд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Мөн Олон улсын Хоршооллын Алянсын гишүүн  хоршооллын байгууллага, хор­шоодын удирдлагууд, Бүсийн захирал,  Жэндерийн хөтөлбөр, харилцаа холбооны зөвлөх, Монгол талын төлөөлөгчид, албаны хүмүүс, хоршоологчид болон Энэтхэг, Солонгос, Индонез, Нипал, Хятад, Филлипин, Монгол гэсэн 7 орны төлөөлөл оролцлоо. 

Манай оронд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлж хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг их юм.

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг манай улсын хоршооллын байгууллагууд дэмжиж, хоршооллын хөдөлгөөний хүрээг тэлэх,  хоршоодын чадавхийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан  ажиллаж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нэгээхэн чухал хэсэг нь  хоршоолол, хамтын хөдөлмөрийн асуудал бөгөөд манай оронд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлж хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг их юм.

Дашрамд дурдахад улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Ер нь эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй, санаачилгатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, засч залруулахын төлөө явдаг хүмүүс байдгийг онцлон, ажилдаа хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийн  ялдамд цаашид Хоршоологч эмэгтэйчүүд өөрсдийн улсдаа манлайллыг бий болгож хамтдаа хөгжихийг уриалж байна” гэлээ. 

Мөн АНДБ-н Жендэрийн хөтөлбөр, харилцааны зөвлөх Савитри Синг “Жендэрийн асуудал болон АНДБ-н хоршооллын салбарт эмэгтэйчүүдийн байдал” сэдвээр илтгэл, МХҮНХ-ны Тэргүүлэгч Ц.Алтантуяа Монголын хоршооллын хөдөлгөөний танилцуулга, “Хоршооллын салбарт эмэг­тэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь сайн туршлага” сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.

“Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өөр өөр орнуудын хоршоологчдод хамтын бизнесийн боломжийг бий болгох, туршлага солилцох үндэс, нөхцлөөр хангах, Монгол орны хоршоодын сайн туршлагатай хүйсийн тэгш байдалд чиглэсэн  туршлага судлах, Монгол орны хоршоодын гишүүдэд бусад улс, орны хоршоологчидтой харилцах, тэдний туршлагаас суралцах боломжийг олгох зорилгоор зохион байгуулж байгаа юм.

 Арга хэмжээний хүрээнд “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан, Монголын хөдөөгийн хоршооны бизнестэй танилцах, эмэгтэйчүүдтэй болон хоршооны хөгжлийн байгууллагуудтай уулзах аялал, уулзалтууд зохион байгуулагдах юм.

Олон  улсын Хоршооллын Холбоо нь бие даасан, төрийн бус байгууллага бөгөөд 1895 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хоршоодыг нэгтгэсэн, тэднийг төлөөлж тэдэнд үйлчилдэг дээвэр байгууллага юм. ОУХХ 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “зөвлөх статус”-тай анхны төрийн бус байгууллагуудын нэг болсон.

ОУХХ-ны гишүүнчлэл нь 100 орны 1 тэрбум хүнийг хамарч, хөдөө аж ахуй, банк, санхүү, худалдаа, эрүүл мэнд, барилга, даатгал гэх мэт эдийн засгийн бүхий л салбарын олон улсын болон үндэсний хоршооллын байгууллагуудаас бүрддэг.

Үйл ажиллагаагаа  иргэд, төр засаг, орон нутгийн болон олон улсын байгууллагуудад хоршооны талаарх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоршоо хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, гишүүд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох, сурталчлах болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэгт чиглүүлдэг.

Африк, Америк, Ази-Номхон далай Европ дахь бүсийн төвүүд болон дараах салбар  холбоодоороо дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

- Олон улсын ХАА хоршооллын байгууллага - ICAO
- ОУ-ын Хоршооллын банкны холбоо - ICBA
- Дэлхийн хэрэглэгчдийн хоршооллын байгууллага CCW
- ОУ-ын загасчдын хоршооллын байгууллага - ICFO
- ОУ-ын эрүүл мэндийн хоршооллын байгууллага- IHCO
- Олон улсын орон байрны хоршоодын байгууллага - ICA Housing
- ОУ-ын хоршоо ба хамтарсан даатгалын холбоо - ICMIF
- ОУ-ын үйлдвэрлэл, гар урлал болон үйлчилгээнийхоршоодын байгууллага CICOPA
- ОУ-ын аялал жуулчлалын холбоо TICA

Ази-Номхон далайн бүсийн төв нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод байрладаг байна.