Техник, технологи сайжирсанаар хэмнэлт гарна
Эрчим хүчний яамны Эрчим хүчний хэлтсийн дарга Д.Чимэддоржтой Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн талаар ярилцлаа.
- Эрчим хүч хэмнэнэ гэдгийг энгийнээр юу гэж ойлгох уу?
Эрчим хүч гэдэг гадаад оронд газрын тос, нефт, нүүрс бусад түүхий эд гээд цогц ойлголт. Манайд бол асар богино цахилгаан, дулааны эрчим хүч гэсэн ойлголтонд багтдаг. Эрчим хүчний хуулинд эрчим хүч гэж эх үүсвэрийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг хэлнэ гэж тодорхойлсон.
Бид үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэл, хувиарлалт, хэрэглээний шатанд яаж хэмнэх бэ гэдэг асуудлыг цогцоор нь эрчим хүч хэмнэлтийн хуулийн агуулгад оруулж ярих юм. Хэмнэнэ гэдэг хамгийн энгийнээр хязгаарлана гэж ойлгогдож байгаа.
Эрчим хүч хэмнэлтийн хуулийн төслийн хэлэлцүүлэг
Гэрлээ унтрааж хэрэглэхгүй байгаа нь хэмнэлт биш харин орчиноос хамааран тодруулж бүдгэрүүлдэг тохиргоотой болчихвол эрчим хүч хэмнэнэ. Шинэ технологи гээд байгаа нь үүнтэй холбоотой. Мөн эрчим хүч хэмнэнэ гэхээр цахилгаан станц асуудалтай, гэж ойлгодог.
Гэтэл хэрэглэгчийн түвшинд эрчим хүч хэмнэх боломжтой. Байшин барилгын дулаан алдалтыг шийдэх, стандартын дагуу техник технологийг ашиглах нь хэмнэлт бий болгоно. Ингээд харахаар хэмнэлтийн хуулийг зөвхөн эрчим хүчний салбарт биш бүх салбарт хамааруулж ойлгох хэрэгтэй.
- Иргэдэд эрчим хүч хэмнэлтийн зөвлөмж гаргах уу?
Мэдээж зөвлөмж гаргах нэн шаардлагатай. Үндэсний хороо байгуулагдвал хүмүүст мэдээлэл өгөх, таниулах ажил хийгдэх нь гарцаагүй. Мөн хэмнэлт нь ногоон хөгжил, байгаль орчинд эерэгээр нөлөөлнө.
Жишээ нь: Цахилгаан станцын уламжлалт зуухыг хамгийн үр ашигтай өөр зуухаар солиход шаталт сайжирч агаарт хаягдах хорт утаа буурах давуу талтай. Цахилгааны үйлдвэрлэл багасана гэдэг нь дам утгаараа нүүрс хэмнэнэ. Тэгэхээр технологи сайжирсанаар хэмнэлт гарч байгаль орчинд эерэгээр нөлөөлөх юм.
- Эрчим хүчний алдагдалтай олон барилга бий. Үүнийг яаж зохицуулах бэ?
Одоо ашиглаж байгаа байшин барилгад дүгнэлт хийж, сайжруулах арга хэмжээ гаргах хэрэгтэй. Мөн шинэ баригдаж байгаа барилгад хэмнэлтийн талаас нь шинжээч магадлал гаргаж үр ашиггүй барилгыг зураг төслөөс нь эхлээд хориглох арга хэмжээ авна.
Эрчим хүч хэмнэх стандарт, дүрэм журам гаргах хэрэгтэй. Үүнийг төрийн байгууллага нь хийх ёстой гэж хуулинд тусгагдсан. Тэгэхээр бүх яамдууд хамаарагдана. Мөн цахилгааныг хэрэглэгчийн түвшинд хэмнэх боломж бий.
Хууль хэрэгжиж эхлэх өдрөөс стандартын шаардлага тавина.
Жишээ нь: Сүүлийн үеийн индукцин плитка маш хурдан халдаг. Идукцин плитка 10 минутын дотор цай чанаж байхад ширмэн плитка 20 минут зарцуулах жишээтэй. Улайсдаг лампны хэрэглээг багасгах, ахуйн хэрэглээнд үр ашигтай, цахилгааныг хамгийн багаар хэрэглэж сэтгэл ханамж өгөх тоног төхөөрөмжийг Засгийн газрын зүгээс кодлох юм.
Харин цахилгаан станц дээр хөдөлгөөнт насосыг ашигт үйлийн кофцент өндөртэй ямар төхөөрөмжөөр сольж болох уу гэдгийг бодох л хэрэгтэй. Уул уурхайн салбарт ч эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх боломжтой. Хэмнэлттэй тэгсэн мөртлөө хуучин үзүүлэлтээс дор биш байвал үр ашигтай хэрэглээг бий болголоо гэсэн үг. Энэ талын ойлголт өгөхөд хэмнэлтийн хуулийн агуулга чиглэгдэж байгаа.
- Хэмнэлтийн хяналтыг яаж бүрдүүлэх бэ?
Хуулийг хэрэгжүүлэхэд хяналтын хороо байгуулна. Үндэсний хорооноос стандарт гаргаж чадахгүй харин стандартыг гаргах салбарын байгуллагатай хамтран ажиллах юм. Хорооноос хэрэглэгчдэд хэмнэлтийн хуулийг танилцуулж, зохицуулалтын механезмийг бүрдүүлнэ.
Мэдээж хяналтын үүргийг гүйцэтгэж, үүрэг хүлээх этгээдийг тодорхойлох юм. Хууль хэрэгжиж эхлэх өдрөөс эхлэн стандартын шаардлага тавина. Хэмнэлтийн стандартыг хангаж чадахгүй бол хориглох шаардлага тавигдах л ёстой.
Тиймээс өргөн хэмжээнд хэлэлцэж шийдэхгүй бол болохгүй. Харин бизнес эрхлэгчид маань стандартын бүтээгдэхүүн оруулж ирэх дээр хэрэгтэй. Цахилгаан тоног төхөөрөмжинд тавигддаг хамгийн эхний шаардлага бол найдвартай, аюулгүй ажиллагааг хангасан байх юм.
- Манай улс эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадаж байгаа юу?
Одоогийн байдлаар хэрэглээ үйлдвэрлэлээ давчихсан. Нөөцөө бүрэн ашиглаад дэрээс нь импортоор цахилгаан эрчим хүч аваад өвлийн оргил ачааллыг давж байгаа. Энэ утгараа бид нөөцгүй. Харин хэмнэлттэй уяалдуулж ойлгоход станцын алдагдалыг багасгаж нөөцийн чадамж нэмэгдэх боломжтой.
Шууд утгаараа ашиглах боломжтой нөөцөө үрэлгэн хэрэглээнд алдаад байна гэсэн үг. Эрчим хүчний яамнаас энэ жилийг эрчим хүчний хэмнэлтийн жил гэж зарласан. Энэ хүрээнд ажил өрнүүлж байгаа.