“Эх орон 36” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Хүүхдүүдийг эх оронч болгон хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Эх орон 36” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачилсан байна.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: 36 цагийн хөтөлбөрийн хүрээнд маш богино хугацаанд хүүхдэд амьдралын наад захын хэрэгцээ шаардлагатай зүйлийг сургаж, хүүхдийн ур чадварыг нэмэгдүүлж болдог гэдгийг харуулах зорилгоор энэ хөтөлбөрийг ингэж нэрлэсэн гэв.
Хүүхэд залууст уг хөтөлбөрт багтсан хичээлүүдийг 36 цагийн дотор заах бөгөөд үүний үр дүнд бүтээн байгуулалт, эдийн засаг гээд нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хөтөлбөр санаачлагчид онцолж байлаа.
Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол хүн.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол хүн. Тэгэхээр хүн рүүгээ, хүний хөгжил рүүгээ, хойч үе рүүгээ чиглэсэн төсөв хөрөнгө хэзээ ч үр ашиггүй байдаггүй. Тиймд энэ ажлыг цаашид зөвхөн нийслэлд биш, улс орон даяар хамарсан ажил болгоно гэлээ.
“Эх орон 36” хөтөлбөрт энэ онд нийслэлийн таван дүүргийн 5000 орчим хүүхэд хамрагдах аж. Уг хөтөлбөрийн анхны суралцагчид нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд болж байна. Хөтөлбөрийг санаачлагчдаас гадна УИХ-ын зарим гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Яагаад Еврей хүмүүс мундаг вэ гэхэд Еврей байх программ хөтөлбөртэй гэж тэд хэлж байсан. Үндэстэн бүр ийм хөтөлбөртэй. Бидэнд яагаад ийм хөтөлбөр байдаггүй юм болоо? Үүн дээр би энэ хоёр санаачлагчдаа их баярлаж байна гэсэн юм.