Тайванийн бизнесмэнүүд барилгын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна
2012.09.27

Тайванийн бизнесмэнүүд барилгын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай Тайвань Улсын “Taiwan Fertilizer” компанийн ерөнхий захирал, Тайванийн парламентийн гишүүн асан Фу Син Ли  уулзаж, барилгын салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.

“Taiwan Fertilizer” компани нь  барилга,  хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхэлдэг Тайваньдаа нэр хүнд бүхий компанийн нэг юм байна. Тус компани барилгын салбартаа 5 одтой 900 ортой зочид буудал барьж байгаагаа танилцууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Тайванийн төлөөлөгчдөд барилгын салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Хөтөлбөрийн хүрээнд Тайванийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороололд орон сууц баригдаж байна. Хэдийгээр хоёр орон уур амьсгалын хувьд эрс ялгаатай ч эхний хөрөнгө оруулалт барилгын салбарт орсон байгаа. Улаанбаатар хотод 10 гаруй газар орон сууцны шинэ хороолол барихаар төлөвлөсний зэрэгцээ аймгуудад 1000-аас доошгүй барилга барих хөтөлбөр явж байна.

Түүнчлэн барилгын салбарт барих нэг гол бодлого барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх юм. Өнөөдөр барилгын материалын гол бүтээгдэхүүн болох цемент, арматурыг бид БНХАУ-аас оруулж ирж байна.  Энэ байдлыг өөрчилж эх орондоо цемент, арматурын хэрэглээний ихэнхи хувийг үйлдвэрлэдэг болмоор байгаа юм. Тэгэхээр та бүхэн энэ салбарт хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах бололцоотой гэж сайд хэллээ.

Мөн Тайвань улс жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг маш сайн үйлдвэрлэдэг улс. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж оруулж ирэх боломж бий гэв.

Тайванийн парламентийн гишүүн асан,  “Taiwan Fertilizer” компанийн ерөнхий захирал Фу Син Ли барилгын салбарт хөрөнгө оруулалт оруулж хамтран ажиллахдаа хорооллоор нь цогц байдлаар орон сууц барих сонирхолтой байгаагаа  дуулгасан. Барилгын материалыг эх орондоо хөгжүүлнэ гэсэн таны байр суурийг дэмжиж байна. Энэ чиглэлд хамтарч ажиллах туршлага бидэнд байгаа гэлээ.

Монгол Улс, Тайвань Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсч байгаа юм байна. Тайваньд суралцах оюутнуудын тоо  нэмэгдэж одоо 500 оюутан тус улсын их, дээд сургуулиудад суралцаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.