2013.01.10

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай гэж өөрчлөхийг дэмжлээ

Хуулийн төслийн нэрийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай гэж өөрчлөхийг дэмжлээ. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хадгаламжийн даатгалын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүд, Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулиудын анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхдээ хэд хэдэн саналыг нээлттэй үлдээж, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Дээрх саналуудыг гүйцээн боловсруулснаа Байнгын хорооны ажлын хэсгээс танилцуулав. Хуулийн төслийн нэрийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн. Түүнчлэн гүйцээн боловсруулан оруулж ирсэн таван саналыг олонх дэмжин нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч дахин санал хураах шаардлагатай (/2/3-ын дэмжлэг авах) таван саналыг ажлын хэсгээс танилцуулан дахин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-аас илүү нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн учир нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулахаар боллоо. Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд банкуудыг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд хамруулах арга хэмжээ авах гэсэн заалт нэмэх санал ажлын хэсгээс оруулж ирснийг гишүүд мөн дэмжлээ.