Иргэд банкин дахь хадгаламжаа эргүүлэн татаагүй гэв
УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо
2012.11.27

Иргэд банкин дахь хадгаламжаа эргүүлэн татаагүй гэв

Өнөөдөр 10.00 цагаас төрийн ордны “А” танхимд эдийн засгийн байнгын хорооны хурал боллоо. Тус хурлаар  Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль,  тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төсөл санаачлагч Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы илтгэлийг сонссон юм. Тэрээр ярихдаа: “Олон улсын практикт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд  хадгаламжин дахь хяналт шалгалтын асуудлыг боловсронгуй болгох, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоог дэмждэг түгээмэл зүй тогтол байдаг” гэсэн юм.  

Тэрээр цааш нь УИХ-аас 2008 онд батлан гаргасан “Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай” хуулийн үйлчлэл энэ сард дуусгавар болж байгаа. Тиймээс иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт  хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байгаа учраас Хадгаламжийн даатгалын тухай хуулийг Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьсан байна.  Энэ хуулийн төсөл долоон бүлэгтэй.

Хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах, тогтоолын төслийг байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй

Эдийн засгийн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүн банкны салбарт хямрал үүссэн,  дампуурах гэсэн эрсдэл тулгарсан эсэхийг  Монголбанкны удирдлагуудаас тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “ Иргэдийн хадгаламжийг даатгах тухай хууль манай улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ иргэд хадгаламжаа татсанаас  аль нэг банк нь өнөө маргаашгүй дампуурах гээд байгаа эрсдэл гараад байна уу, үүний улмаас энэ хуулийн төсөл орж ирэв үү” гэсэн асуултыг тавьж байлаа. Үүнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “ Хадгаламж эзэмшигчид олноороо хадгаламжаа татсан зүйл одоогоор байхгүй. Гэхдээ иргэдийн хадгаламжийг төр батлан даахаа больж байгаатай холбогдуулан эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор энэ хуулийн төсөл боловсруулагдсан” гэсэн харилт өглөө.

Өнөөдрийн байдлаар банкууд дахь нийт хадгаламж 5 их наяд хүрсэн байна. Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдвал хадгаламж эзэмшигчдийн 99,2 хувь буюу 20 сая төгрөгнөөс доош хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламж эрх зүйн хувьд баталгаажиж эрсдэлгүй болох юм. Тиймээс Хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах, тогтоолын төслийг байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.