2012.12.22

Эрчим хүчний үнийг иргэдэд дарамт болохоор нэмэхгүй

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэвтэй ярилцлаа. 

-Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөр­лөө. Энэ хооронд хорооны ажилд тань ямар өөрчлөлт гарав?

-Эрчим хүчний тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн зохион байгуулсан. Бидний зүгээс ойрын хугацаанд салбараа алдагдалгүй болгох чиглэлээр тодорхой зорилт, хөтөлбөр гаргаад эхний ажлуудаа Эрчим хүчний яам болон бусад байгууллагатай хамтран хэрэг­жүүлж эхлээд байна. 

-Сүүлийн үед нийслэл хот эрчим хүчний дутагдалд орсон, тэр байтугай хямрал нүүрлэхэд бэлэн боллоо гэж бичиж, ярих боллоо. Нөхцөл байдал үнэхээр аюу­лын түвшинд хүрсэн юм уу?

-Төвийн эрчим хүчний систем өн­гөр­сөн оны өвлөөс үндсэн тоноглолуудаа 80-аас дээш хувиар ачаал­лаж байна. Өнгөрсөн нэг­дү­гээр сард төвийн эрчим хүчний оргил ачаалал 802 МВт, тэгвэл энэ сард бүр өсч 840 МВт хүрсэн байна лээ.

Энэ бол нэг талаас эрчим хүчний салбарын хамт олонд маань маш өндөр хариуцлага ирж байгаа хэрэг, нөгөө талаас бидэнд нөөц чадал алга байгаа нь үнэн бөгөөд эрсдлийг бүрэн хаах ча­дамж­гүй байна гэсэн үг.

Дутагдаж буй ца­хил­­гаа­наа ОХУ-аас гэрээ­ний маш хатуу нөхцөл­тэй­гөөр ганц шугамаар авдгийг манай хэрэг­лэг­чид төдий­лөн сайн мэдэхгүй байх. Өвлийн их ачаал­лын үед бэлтгэл тоноглолгүй удаан явдаг дулааны цахилгаан станцууд болон ОХУ-тай холбогд­сон өндөр хүчдэлийн шугаманд гэмтэл саатал гарвал үнэхээр асуу­дал гарна, гэхдээ тийм зүйл болох­гүй гэж найдаж байна. 

Дулаан хангамжийн хувьд ч ял­гаагүй. Ялангуяа нийслэлд ши­нээр барих барилга, үйлдвэр, бо­лон орон сууцнууд төвлөрсөн эх үүс­вэрт холбогдох нөөц үндсэндээ шав­хагдсан. Цахилгаан, дулааны эх үүсгүүрийн хомсдолыг хэрхэн хаах талаар гаргасан нарийн су­дал­­­гаа, тооцоо байгаа,  энэ чиг­лэ­лээр ЭХЯ-наас хийж буй ажил нэ­лээд  бий. 

-V цахилгаан станцын асуу­дал гурван парламент, Засгийн газар дамжин яригдлаа. Одоо ч ярьсаар байна, удаан дуншсан энэ станц хэзээ ашиглалтад орох бол?

-Энэ төсөл бол ёстой удааширч, цаг алдаж болохгүй ажил байгаа юм, энэ талаар аль аль шатандаа ойлгож, ярьж байгаа болохоор надад илүү олон юм ярих шаард­лага алга. Бэлтгэл ажлууд нь хийгд­сэн тул шинэчлэлийн Засгийн газар эхний ээлжийг нь ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэж найдаж байна.

-Танай салбарын нөөц бүрэн шавхагдлаа гэж үү. V цахилгаан станц ашиглалтад ортол барьж буй үйлдвэр, орон сууцуудаа зогсоох уу?

-Зогсоох тухай яриа мэдээж байх­гүй. Харин ЭХЯ, холбогдох газ­рууд одоо ярьж байгаа төслүүд дээ­рээ шуурхай ажиллаж, түргэн хэ­рэг­жүүлэх л гарц байна. Манай сал­бар бүхий л дотоод нөөцөө дай­чилж байна. Дөрөвдүгээр ца­хил­­­гаан станц болон Дарханы ца­хил­г­аан станц өргөтгөх төслөө эх­лүү­­лэн идэвхтэй ажиллаж байна.

Бас Эр­дэ­нэ­тийн цахилгаан станц, Дор­нодын цахилгаан стан­цуу­дын хү­чин чадлыг өргөтгөх боломж бай­гаа. Өөр бас хэд хэдэн хувийн хэвш­лийн компани өөрс­дийн хө­рөн­­гөөр ца­хил­гаан станц барина гээд тусгай зөвшөөрлөө авсан, бэлтгэл ажил­даа ороод явж байгаа.

Хувийн хөрөнгө оруулал­таар ба­­рьсан станц богино хуга­цаанд ба­риг­даж,  хэвийн ажиллаж бай­гаа­гийн жишээ бол Ухаа худа­гийн ду­лааны цахил­гаан станц байна.

Дээр нь том чадлын усан цахил­гаан станцын төслүүд, сэр­гээг­дэх эрчим хүчний төслүүд бий. Гэхдээ энэ нь ойрын хуга­цааны гал унтраах төдий арга хэмжээ болно гэж бодож байна. 

-Танай салбарын хөрөнгө сан­­­хүү­гийн байдал  ямархуу байна?

-Салбарын санхүүгийн байдал хүнд байгаа. Ер нь эрчим хүчний салбарын сүүлийн 20 гаруй жи­лийн түүхийг сөхөж үзэхэд хөрөнгө мөн­гөөр хангалттай байсан удаа бай­даг­гүй. Энэ салбарын хөгжлийг чөдөрлөж байсан гол шалтгаан бол олон жилийн турш төрөөс тогтоо­сон хатуу үнэ.

Сүүлийн жи­лүү­дэд эрчим хүчний үнийг хэл­бэрийн төдий нэмж байсан боловч ашигтай ажиллах нь байтугай зардлаа нө­хөж чадахгүй, жил бүр олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, өрийн сүлжээнд торлогд­сон байдалтай байдаг байсан. Энэ хугацаанд нүүрс, төмөр замын тээвэр, сэлбэг материалын үнийн өсөлт, түүнчлэн мөнгөний ханш, зээл, зээлийн хүү мэтийн олон хүчин зүйл үйлдвэр­лэлийн зардал өсөхөд нөлөөлсөөр ирсэн. Энэ онд гэхэд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тойм тооцоо байна.

-Эрчим хүчний компаниуд байнга л алдагдалтай ажиллаж байна гэдэг. Тэд өөрсдөө бүсээ чангалж, үрэлгэн зардлаа багас­гаж болохгүй юу?

-Эрчим хүчний салбарын нийт зардлын 80 гаруй хувийг зөвхөн  түлш, үндсэн хөрөнгийн элэгдэл, цалин гэсэн гурван төрлийн зардал эзэлдэг. Түлшний үнийн өсөлт, үндсэн хөрөнгийн элэгдлийн зард­лыг бүрэн хэмжээгээр тарифт тус­гаж чадахгүй байгаагаас  алдагдал өсч байна, шинэчлэл бүрэн хийг­дэх­гүй байна.

Манай салбарынхан гар хумхин зүгээр суугаад байсан­гүй. Дулааны цахилгаан станцууд   үйлд­вэр­­лэсэн цахилгааны­хаа 22 хувийг өөртөө хэрэглэж байсан бол одоо 15.1 хувь болсон, мөн цахил­гаан дам­жуу­лалт, түгээлтийн ал­дагд­лыг бууруулж чадсан. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтээс гэхэд нийт 26,2 тэрбум төгрөгийн үр ашгийг сүүлийн 10 жилд бий болголоо. Цаашдаа "Эрчим хүчний салбарын үр аш­гийн хөтөлбөр"-ийг бид 2013-2018 онд хэрэгжүүлнэ.

-Түлш, эрчим хүчний үнэ тари­­­фыг зайлшгүй нэмэх хэрэг­тэй гэсэн дүгнэлтийг мэргэж­лийн хүмүүс хэлж байна. Ингэж үнэ нэмэх бодит шаардлага ер нь юу байна? 

-Үндэслэл тодорхой. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэм­шигч зарим компани 2011 оны арван­хоёр­­­дугаар сараас эхлэн тариф нэ­­мэг­дүүлэх саналаа манай хо­роонд ирүүлж эхэлсэн. Мөн зүй ёсны монополь компаниуд үнэ нэ­мэг­­дүүлэх саналаа 2012 оны эх­нээс эхлэн Өрсөлдөөний хуу­лийн да­гуу ШӨХТГазарт хүргүүлсэн бай­сан.

Алдагдалтай ажиллаж байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайнууд мөн нүүрсний үнээ нэмэх санал, тоо­цоог 2012 оны тавдугаар сард ирүүлж шийдэж өгөхийг хүссэн. Тэдний алдагдал оны эцэст 15 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.

Мөн Монгол-Оросын хам­тар­сан ний­гэм­­лэг УБТЗ нүүрс тээвэр­лэлтээс 2012 оны эхний есөн сард 10.1 тэрбум тэрбум төгрөгийн алдагдал хү­лээ­сэн, өөрсдийн нүүрс тээвэр­лэлтийн тарифыг нэмэгдүүлэхээ бүр 2011 оны арванхоёрдугаар сараас эхлэн мэдэгдээд байгаа. Цаашид үнийн зохицуулалт хийхгүй бол салбарын санхүүгийн байдал улам доройтох хандлага­тай байна. 

-Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй юм байна гэж бодъё. Үнэ, тарифын өөрч­лөлт хэрэглэгчдэд хэр дарамт үзүүлэх бол. Урьдчилсан тооцоо байгаа юу?

-Өнгөрсөн оноос тариф нэмэг­дүү­лэх үндэслэл, тооцоог нь на­рийвч­лан хянаж санал, дүгнэлтээ гаргасан. 

Бидний тооцоогоор айл, өр­хийн хэрэглэгчдийн цахилгаан, дулааны үнэ тухайн өрхөд төдий­лөн хүнд дарамт учруулахгүй. УИХ-ын 72 дугаар тогтоолын хүрээнд ахуйн хэрэглэгчийн нэг сарын 150 кВт.ц хүртэлх хэрэглээний цахил­гаа­ны тарифыг 79.80 төгрөгөөс нэмэг­дүү­лэх­гүй байх зарчмыг ба­рим­талж байна.

Үндэсний статис­тикийн хо­роо 2011 оны байдлаар нэг өр­хийн сарын дундаж орлогыг нийс­лэлд 573,541 төгрөг гэж гарга­сан байдаг. Бид нийслэл хотын 49 ам метр халаалтын талбай бүхий 2 хоёр өрөө байранд амьдардаг, сард 200 кВт.ц цахилгаан хэ­рэг­лэ­дэг, дөрвөн ам бүлтэй дундаж айл өрхийг тө­лөө­­лөл болгон авч нө­лөөл­лийг тооцож үзсэн.

Төлөвлөж буй тари­фаар тооцвол дээрх айлд сард цахилгааны төлбөр 1100 төгрөг, дулааны төлбөр халаалт­тай үед 4864 төгрөг, халаалтгүй үед 1698 төгрөгөөр тус тус нэмэг­дэнэ. Тэгвэл нэг сард 200 кВт.ц цахил­гаан хэрэглэдэг гэр хорооллын өрх одоо мөрдөж байгаа үнээр  сард 16,720.0 төгрөг, шинэ тарифаар 18480 төгрөг төлдөг болж төлбөр нь 1760 төгрөгөөр нэмэгдэн өрхийн төсөвт эзлэх эрчим хүчний зард­лын хувийн жин 0.4 нэгжээр өсөх жишээ­­тэй. Энэ бол бүтэн сарын хэрэглээнд тулгуурлан хийсэн тооцоо. Ер нь аль ч өрхийн орлогод жинтэй нөлөө­лөх­гүй гэж үзэж байгаа.