МАХН-ын төлөөлөгчид даргаа эргэлээ
МАХН орон нутгийн ИТХ-д 300-аад төлөөлөгчтэй болжээ
2012.12.20

МАХН-ын төлөөлөгчид даргаа эргэлээ

Шинэ оны босгон дээр аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон 280 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо энэ сарын цугларч, “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт хэлэлцүүлэг сургалт зохион байгуулж, намтайгаа ёс зүйн гэрээ байгуулж өнөөдрөөс нутгийн жолоо залахын өмнө Улсын клиникийн 2 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа МАХН-ын даргаа өнөө өглөө олуулаа эргэж очсон байна. МАХН орон нутгийн ИТХ-д ганц ч төлөөлөлгүй байсан бол саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 300-аад төлөөлөлтэй болж аймаг сум бүрт хөлтэй болж бэхэжсэн билээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын МАХН-ын Зуутын дарга Д.Эрдэнэтуяа:

-Бид сая Н.Энхбаяр даргын хэвтэж байгаа эмнэлэгт эргэж очлоо. Бид энд хамгийн гол нь Н.Энхбаяр даргынхаа эрүүл мэндийг асуух, сэтгэл санааны дэм өгөх зорилготой ирсэн. Даргыг эргэхээр МАХН-ын Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж сонгогдсон төлөөлөгчдийн төлөөлөл болох 220 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Биеэр уулзах боломж байхгүй, төлөөлөл орж уулзах боломж ч үгүй учраас цонхоор л харлаа. Нэлээд ядруу, турсан харагдаж байна. Ойлгомжтой шүү дээ, хоригдож байгаа хүн чинь яаж эрүүл байхав дээ. Сэтгэл санааны хувьд ч хэцүү л байгаа байж таарна шүү дээ. Мөн энэ хүний эрүүл мэнд чухал учраас гадаадад явж эмчлүүлэх тал дээр энд ирсэн төлөөлөгчид санал нэгтэй байна. Нөхөн сэргээх эмчилгээ нэн шаардлагатай байна. Ер нь хүнийг ингэж зохиомол, хилс  хэргээр   ял тулгаж болохгүй шүү дээ. Хөдөө орон нутагт Н.Энхбаяр даргыг маш их дэмжиж байгаа. Бүгд л санаа нь зовсон, хүлээсэн байдалтай байгаа. Ах дүү хамаатан садангаа асууж байгаа юм шиг л яаж байна, юу болж байна, цагаатгуулах талаар та нар юу хийж байна гээд  нэг хот айлаар ороход бүгд л асууж байна. Иймээс бид Н.Энхбаяр даргыгаа цаашид цагаатгаж гаргах талаар хөөцөлдөж, мөн ямар нэг бодитой арга хэмжээ авна гэж бодож байгаа. Тэгээд ч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшвэл гарна гэдэгт итгэлтэй байгаа.

Архангай аймгийн Чулуут сумын ИТХ-ын төлөөлөгч, МАХН-ын Зуутын дарга Б.Батболд:

-       Н.Энхбаяр даргыг эргэхээр эмнэлэг дээр очлоо. Биеийн байдал их л муу харагдаж байна. Нэн даруй цагаатгаасай гэж хүсч байна. Манай Чулуут сум Н.Энхбаяр даргын уугуул нутаг. Тиймээс манай сумын иргэд бүгд л  чих тавин чагнаж сууна. Улс төрд ихийг бүтээсэн хүмүүс дандаа л хэлмэгдэж дуусч байгаа биз дээ. Д.Сүхбаатараас эхлээд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг гээд л. Тиймээс ч хүмүүс их санаа нь зовж түгшиж байгаа байх. Орон нутагт ард түмэн энэ их хэлмэгдүүлэлтийг төгсгөл болгоосой гэж хүсч хүлээж байна даа. Ард түмэн, үнэн үг хүчгүй болжээ гэдгийг энэ хууль, энэ төрийг барьж байгаа эрхмүүд харуулж байгаад ах нь харамсаж сууна даа. Шудрага үнэний төлөө дуу хоолойгоо хүргэх гэж  нэлээдгүй тэмцлээ. Одоо харж байхад төр сэрж байх шиг байна. Энэ нь энэ жилийн УИХ болон нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулиар харагдаж байнаа. Цөөхөн ч гэсэн өөрийн төлөөлөлтэй болж улс төрийн гуравдагч хүчин болж чадлаа.