Өмнөх Засгийн газрын алдааг давтахгүй
ТЭЦ-5-ыг Улаанбаатар хотод барих нь зүйтэй хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзжээ. Харин эрчим хүчний эх үүсвэрийн хувьд нүүрсний уурхайг дагалдуулан эрчим хүчний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй гэв. Бүлэг энэ асуудлаар зарчмын гол асуудлаа барьж авчээ. Бүлгийн хурал дээр ерөнхий сайд мэдээлэл хийсэн байна.
Сүүлийн үед хэл ам дагуулаад буй бондын асуудлыг тэд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өндөр хэмжээний бондыг хэдий өндөр хүүтэй авсан ч гэлээ, хүүг зохицуулах менежмент хийхээр ажиллаж байгаа ажээ.
Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ: ”Өмнөх засгийн газрын алдааг шинэчлэлийн засгийн газар давтахгүй. Монголбанктай менежментийн гэрээ байгуулж, төв банк болон арилжааны банкаар дамжуулан бондын хүүг тогтмол хэмжээнд барих талаар ажиллаж байгаа” гэсэн юм.
Ямартай ч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд арга хэмжээ авахаа засгийн газар мэдэгдсэн байна. Энэхүү засгийн үйл ажиллагааг Ардчилсан намын бүлэг дэмжиж байгаа бөгөөд бондын хүүний дарамтанд орохгүй хэмээн найдаж байгаа юм.