Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох хэрэгтэй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Н.Энхболд
2012.12.18

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох хэрэгтэй

УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболдоос дараах зүйлийг тодруулсан юм.

-МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд ямар шийдвэрт хүрэв?

-Тийм ээ, бид энэ удаагийнхаа хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг авч хэлэлцээд, зарчмын хэд хэдэн саналд байр сууриа нэгтгэсэн.  

-МАН-ын зүгээс “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар хүн нэр дэвшиж болох талаар зарчмын өөрчлөлт гараагүй ч хэзээнээс нэрийг нь  дэвшүүлэх болон нэр дэвшигч юу хийж болох, болохгүйг зохицуулсан хэд хэдэн заалтыг эргэн харах хэрэгтэй” гэж үзжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Одоо хэлэлцэгдэж буй шинэ­чилсэн найруулгын төсөлд сонгууль болох жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэр дэвшигчийг юу хийж болох, болохгүй талаар их олон зүйл заалт орсон.

Харин  Ерөнхийлөгчийн сон­гуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Тэгэхээр тухайн өдрөөс хууль хэрэгжээд эхлэхээр бид хэнийг хууль зөрчиж байна гэж хардах болж байна.Тиймээс эдгээр зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзээд байгаа юм.

-2012 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийн саналыг тоолох автомат машинаар тоолсон. Танай намын гишүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг “Гараар тоолох нь зүйтэй” гэсэн байр сууринд нэгдэж байгаа сурагтай?

-Тийм. Учир нь өмнөх сонгуулийн будлиан өнөөдөр ч  шийдэгдээгүй байна.

Бид автомат санал тоолох машиныг сонгогчдын саналыг тэр даруй тоолоод хурдан, шуурхай гаргадаг гэж бодож байсан.

Гэтэл өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн хэд хоногийн дараа гарлаа.Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гараар тоолох хэрэгтэй.

- Хуульд хандивын асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Уг хуулийн төсөлд хэдэн арван саяар нь хандивлах асуудал байна. Өмнө нь нэр дэшигчид нэг сая, намд 10 сая төгрөг гээд болоод ирсэн. Тиймээс өмнөх хуулиараа явах ёстой гэж гишүүд үзсэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг хязгаарлаж өгөх ёстой юм.

-Ингэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарч АН-д элсэх нь гэсэн яриа гараад байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Албан ёсоор тийм мэдээлэл бидэнд ирээгүй. Тиймээс байр суурь илэрхийлэх боломжгүй.  

-Гэхдээ өмнө нь МАН-ын жагсаалтаар парламентад орж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаасаа гарч, МАХН-д элссэн. Одоо Д.Арвин гишүүний асуудал хөндөгдөж байна. Хэрэв УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарч, өөр намд элсвэл, эдгээр гишүүнд хариуцлага тооцох ч юм уу хуулийн зохицуулалт бий юу?

-Бидний хэлэлцэж буй хуульд тийм зохицуулалт байхгүй. Ийм асуудлууд гарч байгаа учраас цаашид хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлага гарч магадгүй.