С.Бямбацогт: Чуулганы хуралдаан хойшилсон нь биднээс шалтгаалаагүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.
2012.11.30

С.Бямбацогт: Чуулганы хуралдаан хойшилсон нь биднээс шалтгаалаагүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урилаа. Чуулганы хуралдааны ирц хүрэхгүй байгаа болон улс төрийн намууд хоорондоо зөвшилцөж чадахгүй байгаагаас өнөөдөр чуулган хуралдаж чадсангүй. Иймээс түүнтэй улс төрийн намууд талцаж маргалдахгүйгээр төрийн ажлыг хэвийн явуулах талаар ярилцлаа.

-Чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа шалтгаан нь Ардын намын­хан танхимд орж ирэхгүй байгаатай холбоотой юу?

-Ардын намын гишүүд эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд зөвхөн чуулганы ирц бүрдүүлж оролцох үүрэгтэй хүмүүс биш.Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Харамсалтай нь тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ. Бид байнгын хороонд харьяалагдах, санал хураалгах, санал гаргах эрхээ өнөөдрийг хүртэл эдэлж чадахгүй л явна. Уг нь  Ардын намын бүлэг Үндсэн хуулиар бол байгуулагдчихсан. Гэвч одоо болтол Ардын намын бүлгийг зарлах асуудлыг янз бүрийн шалтаг, шалтгаан хэлэн хойшлуулж байна.

УИХ-ын гишүүдийг ирц бүрдүүлэн кноп даруулах болохоороо дууддаг. Харин УИХ-ын гишүүний эрхийг нь эдлүүлэх, үүргийг нь хүлээлгэх болохоор арга саам хийх байдалтай байж болохгүй. Эрх баригчид өөртөө ашигтай зүйл дээр кнопоо дар, ашиггүй болохоор “Та нар бүлэггүй” гэж болохгүй л дээ. Асуудалд иймэр­хүү байдалтай хандах нь буруу.

-Танай намын зүгээс ямар шаардлага тавиад байгаа юм бэ?

-Бид хуулийн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааг явуулъя гэсэн шаардлага тавьж байгаа. Ардын нам өнөөдөр сонгуульд ялагдсан, цөөнх болсон. Цөөнхийнхөө үүргийг биелүүлье гэж байна. Зөвд нь зөөлөн, бурууд нь хурц байя л гэж байгаа юм. Аль болох улстөржихгүй Монгол Улсын хөгжил, сайн сайхны төлөө хамтраад ажиллая. Бид дэмжих зүйлээ дэмжье. Хамгийн гол нь цөөнх нь цөөнх шиг, олонхи нь олонхи шиг байж парламентын зөвшилцөх зарчмаа хүндэтгэн ажиллая гэж байгаа. Түүнээс биш нэг хэсэг нь хууль зөрчиж болдог, асуудлыг дангаараа шийддэг байж болохгүй. Аливаа асуудалд хоёр өөр өнцгөөс хандах ёсгүй. Зарчмын дагуу байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна.

-Та бүхний тавьж буй шаард­лагыг хэрэв биелүүлэхгүй бол цаашид яах вэ?

-Бид шаардлагаа тавиад соёл­тойгоор чуулганы хуралдаанд оролцоод явж байгаа. Бусад шиг улс­төржүүлээд хурцатгаагүй. Чуулганы хуралдааны танхимд олонхид ирцээ бүрдүүлээд хуралдах боломж хан­галттай байгаа. Ардын намын 25 гишүүнээс бусад 46 гишүүн нь ирцээ бүрдүүлээд явах боломж нь бүрэн байна. Бидний зүгээс бүлэггүй ч гэсэн чуулганы хуралдаанд саад болоод байгаа юм алга. Бидэнгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж байна гээд нөхөд маань үзэж буй юм чинь бид саад болохгүй байя л гэж бодож байгаа юм. Ардын намын гишүүд саад болоогүй шүү.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс ч мөн хүлээлтийн байдалтай байна. Үүнээс болоод чуулганы хуралдаанд оролцоогүй бололтой?

-Тэднийг оролцохгүй байгааг би бас ойлгохгүй байна. Нэгэнт хамтраад засаг барьж байгаа бол хамтраад ажиллах ёстой.

 

-УИХ-ын чуулганы өнөөд­рийн (өчигдрийн) хуралдаанаар зарим гишүүний тангаргыг өргүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан. Үүнийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

 

-Олон гишүүн гадаадад томилолттой явж байгаа гэж сонссон. Мөн “Шударга ёс” эвслийн бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Зарим гишүүн тангараг өргөх тухайд маргаантай асуудлыг шүүхээр эцэс­лэн шийдвэрлээгүй байгаа гэсэн. Ийм байхад тангараг өргүүлэх нь зөв юм уу, буруу юм уу. Энэ үүднээс нь харахад эргэлзээтэй л байна.

-Өвөрхангайн тойргийн мар­гаантай асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн учир тангаргыг нь өр­гүүлэхээр болоод байгаа юм биш үү. Яг ямар асуудлыг нь шийдвэрлээгүй гэж?

-Энэ асуудлын тухайд хүмүүс янз бүрийн байр сууринаас хандаж бас тайлбарлаж байна. Хууль зөрчсөн, зөрчөөгүй, шүүхийн шийдвэр гар­сан, гараагүй гээд. Миний авсан мэдээллээр шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа юм билээ.

"Бидний зүгээс бүлэггүй ч гэсэн чуулганы хуралдаанд саад болоод байгаа юм алга. Бидэнгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж байна гээд нөхөд маань үзэж буй юм чинь бид саад болохгүй байя л гэж бодож байгаа юм"

-Уг нь Д.Арвин, Д.Сарангэрэл нарын тангаргыг мөн өргүүлэх ёстой байсан. Гэтэл Өвөрхангайн хоёр гишүүнээс болж хойшиллоо. Энэ нь эргээд Ардын намынхан эмэгтэй гишүүдийнхээ тангараг өргөхийг хүлээн зөвшөөрөхгүй бай­гаа юм шиг харагдуулаад байгаа юм биш үү?

 

-Ардын намын гишүүдийн зүгээс тангараг өргөх асуудлыг эсэргүүцээд байгаа юм байхгүй. Хууль ёсны дагуу Баянзүрх дүүрэгт олон санал авсан Д.Арвин тангаргаа өргөх ёстой. Д.Сарангэрэл гишүүний тухайд ч У.Хүрэлсүх гишүүнийхээ эрхээс тат­галзсан учир УИХ-д тангаргаа өргөнө. Энэ бол хууль ёсны дагуу болох үйл явдал учраас үүнийг хэн нэгэн саатуулах ямар ч боломжгүй. Болдог юм болдгоороо л болно.

-Ардын намын гишүүн С.Чинзориг зарим гишүүний тан­гар­гыг өргүүлбэл өлсгөлөн зар­лахаа мэдэгдсэн. Таны хувьд түүн­тэй уулзсан уу. Энэ асуудалд улс­төрчийнхөө үүднээс хэрхэн хан­даж байгаа вэ?

-Миний хувьд С.Чинзоригтой уулзаагүй байгаа. УИХ-д 6500 хүний саналаар сонгогдож өрсөлдөгчдөөсөө илүү гарсан.

Гэтэл 18 нас хүрэхэд хоёр сар дутуу байсан охин 6500 сонгогчийн саналд нөлөөлснөөс болж гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай л юм.

Нэг ухуулагч, нэг хүн хэдэн хүнд нөлөөлж чадах уу, нөлөө бүхий хүн хэдэн хүнд нөлөөлж чадах вэ гээд бодохоор 18 хүрээгүй оюутан охин 6500 хүнд нөлөөлж арай чадахгүй байх.

 

-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хой­шилсон. Үүгээр танай нам бүлэгтэй болохыг шийдвэрлэх ёстой шүү дээ?

 

-Эрх баригчид Монгол Ардын намыг бүлэггүй байлгаж байж хууль зөрчсөн, дураараа дургисан шийдвэр гаргах, хяналтгүй байх боломжийг бүрдүүлээд байх шиг. Энэ бол хардлага шүү. Түүнээс биш бүлгээ байгуулж, харилцан ярилцаад олон асуудлыг шийдвэрлэж болно. Улстөржихгүйгээр хэрхэн ажиллаж болдгийг өнгөрсөн дөрвөн жилд харуулсан биз дээ. Гэтэл байнгын хорооны хуралдаанд гурван гишүүн хуралдаж, шийдвэр гаргадаг болж. Өнгөрсөн парламентад байнгын хорооны хуралдаан хэрхэн болж, хэлэлцэж шийдвэр гаргадаг байсныг санаж байгаа байх. Олуулаа мар­галдаж, мэтгэлцэж шийдвэр гаргадаг байсан шүү дээ.

-Ардчилсан намынхны зүгээс хууль зөрчөөгүй гэж байгаа. Танай намын зүгээс ч тэр мөн хууль зөрчөөгүй гэдэг. Ер нь улстөрчид хуулийг өөр өөрсдийнхөө тайлбарладаг болж. Үүнийг хэрхэн цэгцлэх ёстой юм бол?

 

-Цагаан дээр хараар бичсэн хуулийг хэн зөрчсөнийг цаг хугацаа харуулах биз ээ. Харин одоо олонхиороо хүч түрж, хууль зөрчиж, ард иргэдийг хооронд нь талцуулж, намаараа хуваагдаж асуудалд хан­дахаа больё.

-Ардын намынхан чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?

-Парламентын олонхи ирцээ бүр­дүүлээд ажиллах боломж байгаа шүү дээ. Бид бол чуулганы хуралдаанд оролцож, шийдвэр гаргахад бэлэн.

-Тэгвэл зарим гишүүнийг тан­гараг өргүүлэх асуудал дээр чуулганы хуралдаанд суухгүй гэсэн үг үү?

Тодорхой асуудал дээр ярилцаж зөвшилцье гэж байгаа.

-Ардчилсан намынхантай энэ асуудлаар зөвшилцөөгүй юм уу?

 

-Зөвшилцсөн зүйл алга. Үүнийг олон удаа ярьдаг. Бид бие биенээ аргацаах хуурч өнгөрөөх байдлаар ханддаг. Хэлсэндээ үнэнч байж ойл­голцох хэрэгтэй байгаа юм. Парламентын ажиллах зарчим нь зөв­шилцөл. Энэ дагуу л ажиллах шаардлагатай байна.

-Өвөрхангайн хоёр гишүүнээр Увсын хоёр гишүүний “барьцаална” гэх яриа байгаад байгаа?

-Ард түмний сонголт эцсийнх гэж бүгд ярьдаг. Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төр барих хүнээ сонгодог. Иймээс ард түмний сонголт эцсийн шийдвэр байх ёстой байтал энийг нь ингээд, тэрийг тэгээд өөрчилчихье гээд байж болохгүй л дээ. Тэгвэл ард түмний төр биш болно.

-Сөрөг хүчнийхээ үүргийг хэр­хэн биелүүлж байгаа вэ. Сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чадаж байна уу?

-Сөрөг хүчин шиг ажиллах бололцоог олгохгүй байна. Сөрөг хүчин байна гэдэг нь аливаа асуудлыг гацаах хэрэг огтхон ч биш. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ. Бүлэг, байнгын хорооны гишүүдээрээ дамжуулан дуу хоолойгоо хүргэх ёстой. Гэтэл ийм боломж бүрдэхгүй байна.

 

-Орон нутгийн хурлын сонгууль саяхан болж өнгөрсөн. Дахин санал хураалт маргааш (өнөөдөр) болно. Сонгуулийн үр дүнгээс харахад “цэнхэр” тал руугаа байгаа. Ардын нам УИХ-д ч тэр, нийслэлд ч тэр ялагдал хүлээсэн шалтгаан юу вэ. Таныхаар?

-Үүнийг би ялагдал гэж харахгүй байгаа. Ялна гэдэг дандаа авахын нэр биш байх. Сүүлийн 22 жил Ардын намынхан дангаараа төр барьсан юм шиг ярьдаг. Тийм биш юм. Санахгүй байгаа хүмүүст нь сануулчихъя. 1990-1992 онд Ардын нам, Ардчилсан намын хамтарсан Засгийн газар, 1992-1996 онд Ардын нам дангаараа, 1996-2000 онд Ардчилсан нам дан­гаараа засаг барьсан. Тэгээд 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайдтай Ардын нам засаг барьж байлаа. Мөн 2004-2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдтай, 2006-2008 онд М.Энхболд Ерөнхий сайдтай Засгийн газар ажиллаж ирлээ.

Харин 2008-2012 онд С.Баяр, Сү.Батболд Ерөнхий сайдтай, Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдтай Засгийн газар ажилласан шүү дээ. Ингээд бодохоор өнгөрсөн 22 жилийн алдаа, оноо засгийг хамтарч барьсан Ардын нам, Ардчилсан нам аль алинтай нь ч холбоотой. Орон нутагт олон жил төр барьсны хувьд ард түмэн бидэнд дүн тавьж байна. Үүнийг бид ухаарч алдаагаа засаж ирэх жилүүдэд ажиллана. Бидэнд ухаарал хайрласан ялагдал буюу том ялалтын эхлэл гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.