Нүцгэн хот
АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хот.
2012.11.28

Нүцгэн хот

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотын эрх баригчид олон нийтийн газар нүцгэн явахыг хориглох шинэ хуулийг дэмжив. Нудист буюу олны дунд эхээс төрснөөрөө явах дуртай хүмүүсийн эрхийг хязгаарлах асуудал сүүлийн хэдэн сар маргааны сэдэв болсоор бараг эцэслэн шийдэгдэж байгаа нь энэ бөгөөд иргэд нь эрх дураараа байдаг гэдгээрээ алдартай энэ хот энэ онцгой сайхан нэрээ алдахад хүрэх вий хэмээн оршин суугчдын зарим нь эмээж байна.

Сан-Францискогийн гудамжаар нүцгэн явах нь зөв буруу эсэх дээр хотынхон эсрэг тэсрэг бодолтой байна. Хотын болон тойргийн хууль тогтоох байгууллага болох тойргийн зөвлөл дээр шинэ хуулийг батлах асуудлаар санал хураахад 11 гишүүний зургаа нь дэмжжээ. Асуудлыг дахин нэг санал хураалт явуулж шийдэх бөгөөд эцсийн шийдвэрийг ирэх оны хоёрдугаар сард хотын дарга гарын үсэг зурж баталгаажуулах юм. Шинэ хууль батлагдвал хотын гудамж болон нийтийн тээврийн хэрэгслээр бэлэг эрхтнээ далдлахгүй явахыг хориглох ажээ. Хэрвээ энэ хуулийг анхны удаа зөрчвөл 100, хоёр дахь удаад нь 200 доллараар торгох бөгөөд гурав дахь удаагаа баригдвал эрүүгийн хэрэг үүсгэх аж.

Гэхдээ хууль тогтоогчид нүцгэн явах дуртнуудыг бас ч гэж харж үзсэн байна. Юу гэвэл ямар нэг баярын жагсаалд (тухайлбал, заримдаа хагас сая хүн оролцдог ижил хүйстнүүдийн жил бүрийн жагсаал) оролцогсдод энэ хориг хамаарахгүй аж.

Хориг тавих санаачлагыг гаргасан хүн нь ижил хүйстнүүд, нудистууд гэхчлэн зоргоороо хүмүүс олноор цугладаг Кастро дүүргийг хотын зөвлөлд төлөөлдөг Скотт Винер юм.

Кастро дүүргийг хотын зөвлөлд төлөөлдөг Скотт Винер бөөн бөөн нүцгэн хүмүүс гудамжаар явдагт бухимдсан иргэдийн гомдлыг барагдуулахын тулд тэрбээр ийм хууль санаачилжээ. Түүний хэлснээр, гурав дөрвөн жилийн өмнө нудистууд цөөхөн байж, оршин суугчдад тэгтлээ төвөг учруулдаггүй байсан бол одоо дүүргээр нь хааяагүй нүцгэн хүмүүс холхих болсон нь санаа зовохгүй байхын аргагүй болгосон гэнэ. С.Винер нь таарсан газраа хувцсаа тайчдаг цадигаа алдсан этгээдүүдтэй хэдийнээс тэмцэж нэрд гарсан хүн юм. Өнгөрсөн жил түүний санаачилсан хуулиар, ресторанд нүцгэн байхыг хориглохоос гадна нүцгэн хүн олон нийтийн газрын сандал дээр суухдаа дороо заавал алчуур тавьж байх болсон юм. Нудистууд үүнд нь эгдүүцэж, ариун цэврээ яаж сахихаа өөрсдөө мэднэ хэмээн зүйл бүрээр тэмцсэн боловч эцсийн дүндээ ялагдсан билээ.

С.Винер энэ удаа ч ялах магадлалтай байгаа боловч нудистууд гар хумхиж суугаад бууж өгөх бодолгүй байгаа бөгөөд тэдний үзэж буйгаар шинэ хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлтээр хамгаалагдсан, иргэдийн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байгаа аж. Өнгөрсөн 14-ний өдөр тэд жагсаалаар явсаар тойргийн шүүхийн өмнө ирж эсэргүүцлээ илэрхийлсний дараа өмгөөлөгч нь үүдэн дээр хувцсаа өмсөөд, дотогш орж шинэ хуулийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаснаа гардуулсан байна.

Энэ удаа хууль зөрчигчийг буюу нүцгэн явагчийг 500 доллараар торгох буюу нэг жил хорих ялаар шийтгэх гэнэ. Хэрвээ энэ хуулийг анхны удаа зөрчвөл 100, хоёр дахь удаад нь 200 доллараар торгоно.

Олон нийтийн газар нүцгэн байх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлтээр баталгаажсан иргэний зайлшгүй эрх мөн гэж үүнээс өмнө Америкийн нэг ч шүүх хүлээн зөвшөөрч байгаагүй тул Нэгдсэн улс даяар энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг ажиглах нь мэдээж. АНУ-д нудистуудын эрхийг хөндсөн нийтээр дагах хууль үгүй, муж бүр өөрийнхөөрөө зохицуулдаг. Тэр бүү хэл, нэг мужийн өөр тойргуудад ч дүрэм журам ондоо байх нь бий. Тухайлбал, Калифорнийн Сан-Франциско тойрогт гадуур нүцгэн явахыг зөвшөөрдөг бол зэргэлдээ Беркли, Сан Хосэд аль хэдийнээс хоригложээ. Муж мужийн хориг нь тов тодорхойгоос гадна өвөрмөц.

Тухайлбал, Арканзас мужид олон нийтийн газар зөвхөн нэг хүйстнүүдтэйгээ хамт байгаа тохиолдолд нүцгэлэхийг зөвшөөрдөг. Эр хүн хажууд нь нэг л эмэгтэй байвал нүцгэлж болохгүй гэсэн үг. Вермонтод олны өмнө нүцгэн байхыг зөвшөөрнө, гэхдээ хувцастай байгаа хүн бол тайлж болохгүй. Гэрээсээ л нүцгэн гарвал гарахаас биш, гадуур явж байгаад гэнэт хувцсаа тайчиж болохгүй гэсэн үг юм уу даа.

Байгальд ойрхон байх гэхдээ тайчих дуртай хүмүүсийн диваажин бол Сан-Франциско юм. Энд оролцогчид нь хувцастай байх албагүй үй түмэн арга хэмжээ, тухайлбал спортын уралдаан тэмцээн болдог. Таван сарын дундуур болдог нүцгэн хүмүүсийн жил бүрийн марафонд 50-80 мянган хүн оролцох жишээтэй. Оролцогчид нь хамгаалалтын дуулганаас өөр юм өмсдөггүй дугуйн уралдаан байна. Дээр өгүүлсэн ижил хүйстнүүдийн жагсаал эдгээрийн оргил боловч оролцогчид нь заавал нүцгэн байх албагүй, гэхдээ хүссэн хэн боловч тайчиж болдог аж.

Ер нь гадуур нүцгэн явахыг Америкийн зарим муж иргэддээ харамгүй зөвшөөрсөн боловч орчин тойрондоо байгаа хүмүүсийг доромжлох эсвэл сексийн ямар нэг зорилгоор нүцгэлэхийг бол гэмт хэрэг гэж үздэг аж.

Зарим газар бол нүгэл хилэнц гэж үздэг олон зүйлийг тоосон шинжгүй өнгөрөөдөг, зөвшөөрдөг хотынхоо найрсаг “зан”-гаар Сан-Францискогийнхон бахархдаг. 1950-иад онд шинэ үеийн чөлөөт зохиолч, яруу найрагчдын давалгаа нөмөрснөөс хойш Сан-Франциско эрх чөлөөт хотын алдрыг олсон бөгөөд арваад жилийн дараа тэдний халааг авсан хиппичүүдийн үед энэ алдраа улам бататгасан билээ. Чухам Сан-Франциско хотод, “Хайрын зун” гэж алдаршсан тэр зунаар хиппичүүдийн хувьсгал эхэлсэн юм. Тэгэхэд л дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 мянган хүн Сан-Францискод үнэгүй хоол зооглож, хөгжим сонсож, хар тамхи татаж цэнгэлийн манлайг эдэлсэн билээ.

Эрх чөлөө гэдэг үгээр уриа хийсэн тэдний хөдөлгөөн дэлхийн хэмжээний соёлын үзэгдэл болон хувирч, өлгий нь Сан-Франциско болж байв. Мөн тэр үед буюу 1967 онд зэргэлдээх Монтеррэй хотод болсон хөгжмийн наадмыг сурталчлахын тулд “The Mamas and the Papas” хамтлагийн ахлагч Жон Филлипс, хожим нь алдаршсан “San Francisco” хэмээх дууг бичсэн бөгөөд түүндээ, хиппи хүнийхээ хувьд Сан-Францискод ирэхдээ өнгө өнгийн цэцгээр үсээ чимж бай хэмээн наадмын зочдыг уриалсан юм (If you’re going to San Francisco, Вe sure to wear some flowers in your hair).

Ямар ч байсан ирэх жил Сан-Францискод очих хүмүүс толгойдоо цэцэг навч зүүхээсээ гадна өмсөх зүүхдээ хамжааргатай хандах хэрэгтэй болж байна. Гадуур явахдаа юм өмсөх дургүй хүмүүс тэр шүү дээ.