Халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг буюу «Мамба дацан» хийд, «Бимекс» төв, ЦЕГ-ын 801 дүгээр анги орчмын барилга объектуудыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо.
Энэхүү ажлыг Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран «Цэвэр агаарын сан»-гаас санхүүжүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, «Улаанбаатар дулааны сүлжээ» ТӨХК хэрэгжүүлсэн байна. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр дэх нам даралтын зуухтай барилга объект, орон сууцыг халаахад бага, дунд хүчин чадлын 164 халаалтын зуух ашигладаг байжээ. Харин эдгээрийг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор зуухнаас гарах утааны хий дэх дэгдэмхий үнсний хэмжээг 0.601 сая кг/м.куб-ээр, хүхрийн давхар ислийг 9,4 мянган кг/м.кубээр, азотын дан ба давхар ислийг 6,6 мянган кг/м.куб-ээр, нүүрстөрөгчийн дутуу ислийг 0,97 сая кг/м.куб-ээр бууруулах боломжтой аж.
Төвлөрсөн дулаан дамжуулах төв ийнхүү ашиглалтад орсноор тухайн орчны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын байнгын галлагаа зогсож, хөө тортог, утаа угаараас ангижран ажиллаж амьдрах нөхцөл эрс сайжрах юм. Мөн нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр баригдах сургууль, цэцэрлэг, усан спортын ордон, орон сууцны хорооллууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох бололцоо бүрдэж байгаа юм байна. Цаашид Дотоод хэргийн их сургууль, УС-15 орчим, Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Дэнжийн мянгын Цагаан байр орчимд төвлөрсөн дулаанд холбох төв барих аж. Ингэснээр ханан пийшинтэй 1000 гаруй айл өрх болон 300 гаруй аж ахуйн нэгжийн зуухны галлагааг зогсоож, түүхий нүүрсний нийт хэрэглээний 10 хувийг бууруулна.