Д.Оюунхорол: Завханчууд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүйдээ бухимдаж байна
-Та Завхан аймагт ажиллаад ирсэн. Иргэд ямар асуудлыг илүү их сонирхож байна вэ?
-Завхан аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох, хүний хөгжил сангаас олгож байгаа хувь, хишгийн тухай, баруун бүс нутгийн ард иргэдэд бүсийн нэмэгдэл олгох зэрэг олон асуудлыг тавьж байна. Гэрэл цахилгаангүйн улмаас Завхан аймгийн Иргэд Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрхээ эдэлж чадахгүй тэгш бус, ялгавартай орчин нөхцөлд амьдарч байна. Тиймээс баруун бүсийн иргэдэд нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа. Завхан нутгийн зон олон маань эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүйдээ бухимдаж байна.
-Завхан, Говь-Алтайаймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох асуудлыг өнгөрсөн намрын чуулганаар шийдсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх бололцоо бүрдэж байгаа. Монгол, Хятадын хамтарсан "Шинэ Ази Майнинг" гэдэг компани хөрөнгө оруулалт хийхээр болж байгаа. Удахгүй зураг төсөл нь гараад энэ хавраас ажлаа эхлэх байх. Ажил эхэлснээс хойш 18 сарын дараа эрчим хүчтэй болчих байх аа гэж найдаж байна. Эрчим хүчтэй болчихвол хүмүүсийн амьдрал сайжрах, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, соёл боловсролын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн нэмэр болно гэж бодож байна.
-Энэ жил баруун аймгууд цас зудын хүндрэлтэй өвөлжсөн. Одоо хаваржилт ямар байна вэ?
-Зуд болно гэдгийг тооцоолоогүй учраас 2010 оны төсөв төлөвлөгөөнд зудын хүндрэлийг даван туулах, хохирлыг нөхөх төсөв хөрөнгө мөнге суугаагүй байсан. Тиймээс энэ хаврын чуулганаар төсөвт тодотгол хийх байх. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг отроор яваа малчид, иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, Их-Ууп, Тэлмэн, Сант сумдын түргэн тусламжийн автомашин эвдэрч зогссоноос өвчтөнд давхар дарамт үүсгэж хүний амь эрсдэх, төрөх эхчүүдэд хүргэх яаралтай тусламж оройтож зэрэг хүндрэл гарч байна. Хэдэн малаа дагаж олон нүүдэл хийсэн эхчүүд эмэгтэйчүүд, бага насны хүүхэд ихээхэн зутруу байна. Бидний хеөцөлдсен эхний ажил маань шийдвэрлэгдэж Швейцарийн холбооны улсаас зудад нэрвэгдсэн малчдад зориулж 500 мянган франкын тусламж үзүүлэхээр болсон. Би Монгол-Швейцарийн парламентын бүлгэмийг анх 2000-2004 онд УИХ-ын гишүүн байхдаа байгуулж, даргаар нь ажилласан. Одоо энэ ажлаа үргэлжлүүлж байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламжийн төсөл зудад хамгийн их нэрвэгдээд байгаа 20 сумын 9000 гаруй өрх буюу 36000 иргэнд чиглэнэ.
-Байгаль, цаг уурын эрсдэл улам ихэсч бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгааг харуулж байна. Цаашдаа малчид яаж амьдрах вэ?
-Зуд зулагтай гэж ярьдаг. 2001 оны зудаас хойш олон айл малынх нь хот харлаж малгүй болон ядуурч, амьдрал нь хүндэрсэн. Тэр цагаас хойш идэвхтэй хеөцөлдөж олон улсын байгууллагуудад хандсанаар тодорхой ажлуудыг Завхан аймгийн 24 суманд эхлүүлсэн. Мал дагаж амьдарна гэдэг орчин цагт их хүнд боллоо гэдгийг энэ жилийн зуд дахин харуулж байна. Хөдөөгийн малчид мал гэдэг байгаа хөрөнгөнөөс өөр зүйлгүй, үүнийхээ төлөө жилийн дөрвөн улирал гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг улсууд. Гэтэл малын түүхий эд бүтээгдэхүүнийх нь үнэ жилээс жилд унасаар байгаагаас малчдын хөдөлмөр үнэлэгдэж чадахгүй байгаад сэтгэл эмзэглэж сууна. Тийм учраас УИХ-аас малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж, “Монгол мал” хөтөлбөрийг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байна.