Гадаадад байгаа иргэдээ бүх талаар хамгаална
2011.02.23

Гадаадад байгаа иргэдээ бүх талаар хамгаална

УИХ-ын намрын чуулганаар Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. Гадаад бодлогын үзэл баримтлал удахгүй олон нийтэд нээлттэй болох бөгөөд хилийн чанадад байгаа монгол иргэдээ хамгаалахын тулд нэлээд олон чухал асуудлыг тусгасан юм байна.

Гэхдээ хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн, эдийн засгийн ашиг сонирхлоос илүү улс төрийн гадаад харилцааг эрхэмлэсэн байх хэрэгтэй гэж УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь ажлаа тайлагнахдаа онцолсон юм. Мөн тэрбээр "Засгийн газрын зүгээс гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдээ анхаарах нь нэн чухал.

Ямар ч асуудалд орооцолдсон, гэмт хэрэг хийсэн байсан ч ямагт өөрийн иргэний талд зогсож, бүх талаар хамгаалах болно" гэсэн юм. Тийм ч учраас Б.Хурцын асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэв. Аливаа хэргийг тухайн гэмт хэрэг гарсан улсын хуулиар шийдвэрлэдэг, мон манай орны хувьд ч энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх учраас тус Байнгын хороо болон УИХ-ын зүгээс асуудалд оролцохгүй байгаа аж.

Тус Байнгын хороогоор нийт 29 асуудал хэлэлцэж, түүнтэй холбоотой мөн тооны санал, дүгнэлт гаргажээ.

"Оюутолгой" төслийн ТЭЗҮ-ийн  тухай  Эрдэс баялгийн  мэргэжлийн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулсан ажлын хэсэг нарийвчлан хэлэлцээд өнгөрсөн сарын 18-нд хоёр тогтоол гарган УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газартай Ялтан шилжүүлэх гэрээний төслийг хэлэлцсэн нь хоёр орны харилцаанд томоохон ахиц авчрах ажээ.

Хамгийн гол нь өөрийн орны иргэний эрхийг хамгаалах, эх оронд нь ял эдлүүлэх зорилготой юм байна. Ингэхдээ аливаа хэрэгт сэжиглэгдэн, хоригдож байгаа хүнээс саналыг нь асуудаг аж. Харин иргэдэд хууль, тогтоомжийг таниулахын тулд хөдөө орон нутагт таван удаа сурГалт зохион байгуулж, 600-гаад хүн хамруулжээ.

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн заставын үйл ажиллагаатай танилцсанаа дуулгалаа. Тус заставт гэрээт хилчид улс орны амгалан тайван байдлын төлөө ажиллаж байгаа бөгөөд гэрээт хилчид дангаараа үүрэг гүйцэтгэдэг болсноос хойш хил зөрчсөн тохиолдол гараагүй юм байна. Харин урьд нь хугацаат цэргийн алба хааж байгаа хилчидтэй  хамт ажиллаж байхад бие биетэйгээ муудалцах зэрэг дотоод асуудал цөөнгүй гарч байжээ.

Үүнээс гадна манай орон хилийн баганаа шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэнэ. Учир нь манай хилийн баганыг хийсэн шургааган шонгуудын дийлэнх нь илжирч мууджээ. Хилийн багана, торыг шинэчилснээр өвөл, хаврын шуурганд мал уруудаж, хил давах, мөн зээрийн нүүдэл, түүнээс үүссэн шүлхий зэрэг өвчнийг хязгаарлах сайн талтайг Байнгын хорооны дарга онцолсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.