Солонгос хэлний шалгалтад оруулах бүртгэлийн хураамжын асуудлаар НХХ сайдад асуулт тавилаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайд Т.Гандид хандан дараах асуултыг тавьсан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд Танд дараахь асуултыг тавьж байна. “Гадаадад ажиллах хүч илгээх төв” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийг солонгос хэлний шалгалтад оруулахаар бүртгэж, бүртгэлийн хураамж болох 26000 /Хорин зургаан мянга/ төгрөгийг ХААН банкны 5111008464 тоот дансанд тушаасан бөгөөд хүлээн авагч нь Солонгос Улсын иргэн /YOU MYEOUNG SOO/ байна. Бүртгэлийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 10757 иргэн бүртгүүлж нийт 279 682 000 /Хоёр зуун далан есөн сая зургаан зуун наян хоёр мянга/ төгрөг дээрх дансанд хуримтлагдсан тооцоо байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллуулах нэрээр жил бүр дээрх арга хэмжээг зохион байгуулж иргэдээс шат дараалсан олон төрлийн хураамж авч бүртгээд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа талаар ямар ч мэдээ, мэдээлэл, тайлан, тооцоо өнөөдрийг хүртэл байхгүй байна. Иймд хураамжийг хүлээн авагч нь яагаад Солонгос Улсын иргэн байдаг, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлдөг эсэх, ямар эрх зүйн үндэслэлээр ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрээр уг хураамжийг иргэдээс хураадаг талаар болон урд жилүүдэд төлбөрөө төлж, шат дараалсан шалгалтуудад тэнцсэн хэдий ч одоог хүртэл явж чадаагүй байгаа иргэдийн тухай мэдээлэл, судалгаа /он тус бүрээр/, тэдний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ үү.
Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.
Хүндэтгэсэн,УЛСЫН ИХ ХУРЛЫНГИШҮҮН С.ЭРДЭНЭ