Г.Занданшатар: УИХ-ын сонгуульд хэн ч ялагдаагүй
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар манай сонины "Ярилцах танхим"-ын энэ удаагийн зочин боллоо. Түүнтэй намын дотоод шинэчлэл зэрэг асуудлаар ярилцлаа.
-МАН дотооддоо шинэчлэл хийх тухай их ярьж байгаа. Яг юуг өөрчлөх вэ?
-Монгол Ардын нам өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнд дүгнэлт хийж, тэр үед гаргасан алдаагаа засч залруулах, ололтоо бататгах талаар тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнийг шинэчлэлийн төлөвлөгөө гэж нэрлэж болно. Ер нь нийгэм асар хурдацтай хөгжиж, техник технологийн дэвшил, даяаршил, эдийн засаг, нийгэм, хүмүүсийн ухамсрын өөрчлөлт хурдацтай явагдах болж.
Энэ бүхэнтэй уялдаад улс төрийн нам нь нийгмийн хөгжлийн манлайлагч болж явах ёстой. Монгол Ардын намын шинэчлэлийг энэ хүрээнд ойлгож болно. Ер нь шинэ нөхцөл байдалд дасан зохицож нийгмээ зөв зүгт чиглүүлэх нь улс төрийн намын гол зорилго юм. Монгол Ардын намын шинэчлэлийн бодлого нь улс төрийн соёл, ёс суртахууныг төлөвшүүлэхийн төлөө байх ёстой. Тийм шинэ загварыг нийгэмд бий болгох шаардлагатай байна гэж бид үзэж байгаа.
Мөн Монгол Ардын нам олны тусын төлөө ажилладаг, хүний хөгжлийн төлөө зүтгэдэг нам байх ёстой. Үүнийгээ улам тодотгож, түүн дээрээ суурилж хөгжих ёстой гэх зарчмын шинэчлэлийг хийж байгаа. Олны тусын төлөө нам байна гэдэг нь нийгмийн сайн сайхны төлөө, хүний хөгжлийн төлөө, монгол хүний төлөө ажиллахыг хэлж байгаа юм. Ингэхийн тулд намын бүх шатанд ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгож гаргаж ирнэ. Тийм л хүмүүс намд хэрэгтэй байна. Ер нь Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд үүнийг гол зарчим болгож байгаа.
-Тэгэхээд намын шинэчлэлийн гол бодлого нь энэ гэсэн үг үү?
-Энэ бол миний баримтлах ажлын зарчим. Үүнийгээ бүх шатанд хэрэгжүүлэхийг зорьж байна. Хүний төлөө, гишүүдийнхээ, ард түмнийхээ төлөө ажиллаач гэсэн шаардлагыг ч тавьж байгаа. Ингэж байж бид бүх шатандаа олны төлөө гэдэг нам болж чадна. Тэгж ажиллах хүмүүсээ шалгаруулахын тулд бүгдээрээ хэлэлцэж, сонгодог болно.
Монгол Ардын намын бүх үүр, анхан шатны нэгжүүд дээр хэлэлцүүлэг явуулж, тэндээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Зарим хүний бодож байгаа шиг хэн нэгний эрх ашгийн үүднээс нэр дэвшигчдээ сонгоно гэдэг байж боломгүй зүйл. Харин анхан шатны сонгуульд нууцаар санал өгч, хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг шийдэх юм. Тэгээд “Энэ хүн манай намын нэрийг өндөрт өргөөд ажиллаж чадна” гэж итгэл хүлээлгэсэн хүнээ сонгуульд өрсөлдүүлнэ. Тэр хүн нь бусдынхаа итгэлийг дааж ажиллах ёстой. Харин сонгуульд ялалт байгуулсан газрууддаа ард түмний итгэлийн санал хураалтыг явуулж, тэдний төлөө ажиллаж чадах хүмүүсийг Засаг даргад нэр дэвшүүлнэ. Тухайлбал, Баянгол дүүрэгт ялалт байгуулчихлаа гэж бодоход тэнд хэн хорооны дарга байх вэ гэдгийг иргэдээс нь асууж байгаад сонгоно гэсэн үг. Үүнийгээ ч олон түмэнд ил тод нээлттэй зарлаж байна.
-Өмнө нь тэгэхээр олны төлөө ажилладаг хүмүүс танай намд байгаа юм уу?
-Мэдээж хэрэг, манай намынхан бүх шатандаа тийм хүмүүсийг дэвшүүлж байсан. Гэхдээ анхан шатны нэгж дээрээ ингэж олны дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаагүй юм. Миний зарчим үүн дээр их хатуу байгаа. Зарим тохиолдолд асуудлыг иргэдийн эрх ашгийн үүднээс шийдэхгүй байна гэх шүүмжлэл гардаг. Үүнийг л таслан зогсоох нь хамгийн чухал байна.
-Намын шинэчлэлийн хүрээнд фракциудыг ил тод болгох тухай ярьж байгаа. Энэ нь нам доторх бүлэглэлүүдээ ил тодоор зарласан Ардчилсан нам УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсантай холбоотой байх. Та үүнийг дэмжих үү?
-Манай намд бодитойгоор оршин тогтнож, хэлбэршсэн фракци байхгүй. Би ч гэсэн Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ганц л шаардлага тавьж байгаа. Энэ тухай дээр дурьдсан. Олон түмний төлөө гэсэн үүсэл санаачлагууд гаргавал би дэмжинэ. Нийгэм, ард түмэнд эх оронч сэтгэлгээ хэрэгтэй гэсэн саналыг хэсэг бүлгээрээ гаргаад ирвэл бас л дэмжинэ. Харин нэг хүний, эсвэл нэг хэсэг бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө ажиллахыг тас хориглоно. Энэ бол зарчим.
-Монгол Ардын намын шинэ дарга, генсекийн аль, аль нь их зөөлхөн хүмүүс гэж олон нийт дүгнэдэг. Уг нь лидер хүн илүү их шийдэмгий, хурц дайчин байдаг юм биш үү?
-Бид “Зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэдэг зарчмыг л баримталж байгаа. Би өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үедээ улс орнуудын хоорондын харилцаатай холбоотой асуудалд түс тас хийсэн байр сууринаас хандаж байсангүй. Ер нь аливаа асуудлыг дайн байлдааны аргаар биш, харин яриа хэлэлцээрийн журмаар оновчтой шийдвэрлэхийг урьтал болгосоор ирсэн. Дипломат харилцаанд үүнийг шаарддаг. Харин өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд бид эх орны эрх ашгийн төлөө хийж буй зөв зүйлийг дэмжиж, бурууг нь эсэргүүцэж, түүнтэй шулуухан тэмцэх үүрэг хүлээж байгаа. Бид энэхүү шаардлагадаа л нийцэж ажиллана.
-УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам ялагдал хүлээсэн учраас удирдах бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Удахгүй болох Орон нутгийн хурлын сонгуульд ялалт байгуулахын тулд шинэ удирдлагууд нь хуучнаасаа ялгаатай ажиллаж чадах уу?
-УИХ-ын сонгуульд хэн ялсан юм бэ. Хэн ч ялаагүй. Аль ч нам 38-аас дээш суудал аваагүй. Тийм учраас УИХ-ын сонгуульд хэн ч ялагдаагүй.
-Гэхдээ намаа ялуулж чадаагүй учраас Монгол Ардын намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм биш үү?
-УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам Монгол Ардын намаас хоёр суудлаар л илүү. Гэхдээ бид УИХ-ын сонгуулийн үр дүн дээр дүгнэлт хийж, улс төрийн бусад хүчнээс ялгагдахуйцаар нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд анхаарч ажиллаж байгаа. Энэ бол гол ялгаа нь юм.
-Ингэхэд Өвөрхангайн маргаантай тойргийн асуудал юу болсон юм бол?
-Үндсэн хуулийн Цэц, СЕХ болон шүүхийн байгууллагууд Монгол Ардын намаас гаргасан гомдлуудыг хачирхалтай гэмээр удаан хэлэлцэж байгаа. Үүнээс болж ард түмний дэмжлэгтэйгээр сонгогдож гарч ирсэн хүмүүсийг УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжийг үгүй хийж байна. Цаашид ер нь сонгуулийн үр дүнг шүүх шийдэх үү, ард түмэн шийдэх үү гэдгийг СЕХ-ноос тайлбарлачихвал зүгээр байна. Хэрэв СЕХ, шүүх хоёр шийддэг байх юм бол сонгууль явуулаад хэрэггүй.
-МАН-ын залуу боловсон хүчнүүд МАХН-д элслээ гэх мэдээлэл тасрахаа болилоо. Орон нутгийн хурлын сонгуулийн өмнө ийм мэдээлэл гарах нь хэр таатай юм бол. Ер нь залуусаа татахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хүмүүс ирж л байдаг, явж л байдаг. Манай нам бол нээлттэй улс төрийн хүчин. Ер нь олны ашиг сонирхлын төлөө гэсэн зүтгэлтэй хүнийг л бид дэмжинэ. Түүнээс биш өөрийгөө нэгдүгээрт тавьчихаад явж байгаа хүмүүс гарах, орох нь нээлттэй. Олны тусын төлөө гэдэг чанартай сайн гишүүд л байхад хангалттай.