2012.09.19

Банкууд зээлээ хязгаарлажээ

Арилжааны банкнаас зээл авах гэсэн иргэд ихэнх тохиолдолд татгалзсан хариу сонсоод буцаж байгаа тухай бид мэдээлж байсан билээ. Банкууд зээлээ хязгаарлаж, татгалзсан хариу өгч байгаа тухай мэдээлэл тасралтгүй ирсээр байна. Тухайлбал, зарим банк зээлийн лимитээ багасгах шийдвэрийг гаргаж, 40 саяас дээш төгрөгний зээл олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн өөр нэг банкны эдийн засагч өрхийн зээл хүссэн иргэнд хэрэглээний зээлээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэсэн хариултыг өгсөн байна. Тухайн банк болон иргэний нэрийг энд ил тодоор бичих шаардлага байсангүй. Учир нь манай улсын төсөв болон гадаад худалдаа алдагдалтай, мөнгөний нийлүүлэлт хомс болсон сүүлийн гурван сард банкнаас хүссэн зээл нь бүтэхгүй байгаа тухай олон хүн гомдоллож байгаа юм. Цалингийн хэмжээ хүрэхгүй, батлан даалт хангалтгүй, хөдөлмөрийн гэрээ сунгалтгүй зэрэг жижиг шалтгаанаас болж банкны эдийн засагчдын хооронд хангалттай гүйж байгаагаа тэд хэлж байсан.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уржигдар орой банкуудын удирдлагууд хуралдаж, зээл хязгаарлах шийдвэрт хүрсэн гэнэ. Улсын эдийн засаг хямралтай, төсөв өртэй, ядуу байгаа энэ үед хаана, хаанаа эрсдэлээ тооцоолж, мөнгөнии урсгалаа хямгадаж байгаа нь үнэн. Гэхдээ банкны эдийн засагчид зээл зогссон гэсэн хариулт өгөхдөө арай ч тулаагүй байсан юм.

Хаан банкны албан эхсурвалжаас авсан мэдээллээр тус банк жижиг, дунд зээлийг хэвийн гаргаж байгаа гэнэ. Харин төсөв тасарчихсан энэ үед болгоомжтой хандахаас аргагүй тул том зээл гаргахгүй байгаа гэдгээ учирлав. Ер нь банкуудын дунд мөнгөний хомсдолоос болоод иймэрхүү байдал үүссэн нь үнэн гэлээ. Харин Голомт, Хадгаламж банкны албан эх сурвалжууд одоогоор бүх төрлийн зээлээ хэвийн олгож байгаа гэсэн тайлбарыг өгөв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.