2012.09.17

Зимбабегийн Ерөнхий сайд хууль зөрчив

Зимбабе улсын Ерөнхий сайд Морган Цвангирай улсынхаа хуулийг эс тоон дахин гэрлэжээ. Уг нь тус улсын хуулинд эхнэр авсан тохиолдолд дахин гэрлэхийг хориглосон юм. Гэвч тэрбээр 60 насандаа Элизабет Мачека гэгч 35 настай эмэгтэйтэй дахин гэрлэжээ.

Тэдний хурим өнгөрөгч бямба гарагт Хараред хэдэн зуун зочдын өмнө болсон юм. Ерөнхий сайд хар костьюм өмссөн бол түүний эхнэр цагаан даашинзаар гоёжээ. Ерөнхий сайдын шинэхэн эхнэр орон нутгийн нэгэн улстөрийн зүтгэлтний охин юм.

Хосууд “Уламжлалт үзэгдэл” гэж өөрсдийнхөө гэрлэлтийг нэрлээд зочид төлөөлөгчдийн өмнө бөгж солилцжээ. Гэсэн ч Ерөнхий сайд өмнө нь хуримласан байсан учраас энэ удаагийн гэрлэлтийг албан ёсоор бүртгээгүй байна.

Тус улсын хувьд олон эхнэртэй байхыг хориглосон хууль гаргасан ч хэд хэдэн удаа гэрлэх нь уламжлагдаж ирсэн явдал юм. Ерөнхий сайдын хувьд улсынхаа олон эхнэртэй байхыг хориглосон хуулийг эсэргүүцэгчдийн нэг юм. Түүний эхнэр 2009 онд Ерөнхий сайд болсных нь дараа автомашины осолд орж нас баржээ. Энэ үеэс тэрбээр  эхнэрийн тоог хуулиар хязгаарлахын эсрэг тууштай тэмцэх болжээ. Улмаар тус хуулийг үл харгалзан дахин гэрлэж байгаа нь энэ аж.

Гэвч тэрбээр эхнэрээ нас барснаас хойш дахин Локардиа Тембо гэгч эмэгтэйтэй гэрлэжээ. Гэсэн ч Ерөнхий сайдын өмгөөлөгч хэлэхдээ “Одоо тэдний харилцаа дууссан. Албан ёсоор хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулсан” гэж мэдэгдэж байна. Харин энэ талаар албаны эх суравлж Ерөнхий сайд өмнөх эхнэрээсээ албан ёсоор салаагүй гэж байгаа юм.

Дашрамд дурьдахад, М.Цвангирай ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа аж. Одоогийн Ерөнхийлөгч Роберт Мугабе сонгуульд дахин нэр дэвших бөгөөд тэдний хооронд ширүүн тэмцэл өрнөнө хэмээн шинжээчид харж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.