2012.09.17

Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болохоор товлогдов

  • ахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй
Баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны  болон эцэсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн төсөлд  аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тогтоохоор томьёолсон байна. Тухайлбал, сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:
  • Сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15
  • Сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21
  • Сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27
  • Сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31 байх, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоог мөн хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан:
  • Дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17
  • Дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25
  • Дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35
  • Дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41 байхаар тогтооно гэснийг дийлэнх гишүүн дэмжлээ.

Орон нутгийн сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэн нэг буюу олон мандаттай олонхи (мажоритор) хэлбэрээр явуулна гэсэн заалтын тухайд МАН-ын гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Тухайлбал, Д.Дэмбэрэл гишүүн орон нутагт холимог системээр сонгууль явуулах нь нутгийн иргэдийг талцуулж, хэт улстөржүүлэх аюултай  гэсэн санал хэлж байв.


 

О.Баасанхүү гишүүн “Орон нутгийн сонгууль өвлийн цагт зохион байгуулагдах гээд байна. Магадгүй сонгууль дахих тохиолдол гарвал төсөв, мөнгийг нь хэр тооцов. Түүнчлэн санал тоолох цахим машин хэр найдвартай вэ, явуулын хайрцгаар санал авах асуудалд хүндрэл гарахгүй юу” гэдгийг тодоруулав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  “Хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшлогдож байсантай холбоотойгоор орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа хойшлогдсон. Арваннэгдүгээр сарын эхний долоо  хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг явуулах боломжийг судлахад иргэд өвөлдөө бэлтгэх зэрэг нь давхцаж болзошгүй байгаа. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулбал малчид өвөлжөөлчихсөн, идэшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн. Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй. Дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй” гэсэн хариулт өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүний хувьд сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гаригт гэж товлосноор ноцтой хүндрэл гарч мэднэ гэсэн саналаа хэлж байв. Тэрбээр сонгогчдын саналыг заавал техникээр тоолно гэхгүйгээр  сонгуулийг эрт явуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулснаар олон газарт санал хүчингүй болж мэднэ гэлээ. “Энэ жил цас их орох төлөвтэй байгаа. Тиймээс орон нутгийн иргэд саналаа өгөх гэж 50-60 км газарт явах хүн байхгүй. Юун санал өгөх манатай. Түүнээс гадна өвлийн идэшээ бэлтгэж эхэлдэг цаг. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болвол хариуцлагыг олонхи болсон та бүхэн хүлээх ёстой” гэдгийг Ө.Энхтүвшин гишүүн хэлж байв.

Үүнд Р.Гончигдорж гишүүн “Нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Үнэхээр МАН болоод бусад улс төрийн хүчин сонгуулийг амжилттай зохион байгуулъя гэж хүсвэл ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцуулах ёстой. Орон нутгийн удирдлагаа сонгох энэ ажилд хариуцлагатай хандах учиртай. Сонгуулийг эртхэн явуулна гэж байгаа бол МАН завсарлага авч хуралдааныг хойшлуулахгүйгээр хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Тиймээс МАН-ын гишүүд ард түмнээ сонгуульд идэвхигүй хандах сурталчилгаанд битгий уриалаарай” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцсэний эцэст гишүүдийн 69,8 хувийн саналаар байнгын хорооноос оруулж ирсэн санал, дүгнэлтийг дэмжиж, улмаар эцэслэн баталлаа. УИХ-ын ээлжит бус чуулганы энэ өдрийн хуралдаан  үдшийн 23 цагт өндөрлөв.

Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.