Монголбанк 35 тэрбумын үнэт цаас арилжаалжээ
Монголбанк 12 долоо хоногтой 35 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 17.15 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр өчигдөр арилжааллаа. Энэхүү үнэт цаасны үлдэгдэл 298 тэрбум төгрөг аж. Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийг бий болгохын тулд дунд болон урт хугацааны хүүг зах зээл .өөрөө тодорхойлох ёстой байна.
Иймээс Төв банк долоо хоногийн үнэт цаасны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг. Харин долоо хоногоос дээш хугацаатай үнэт цаасны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог аж.
Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны наймдугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгожээ.
Энэ төрлийн үнэт цаасыг хоёр долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа учир мөнгөний зах 2- 12 долоо хоногийн хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагддаг байна.