Жагсаал цуглааны тухай хуулийг батална
"Жагсаал цуглаан зохион байгуулах тухай" хуулийг гурав дахь удаа хэлэлцсэний эцэст ОХУ-ын Төрийн дум баталлаа. Энэ хуулинд нийтдээ 400 орчим өөрчлөлтийг оруулсан бөгөөд парламентад суудалтай фракцууд зөвшилцөж чадсаны илрэл хэмээн Төрийн думын тэргүүн С.Нарышкин онцлов. Жагсаал цуглааны үеэр хууль дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг тавдугаар сарын 22-ны өдөр Төрийн дум баталсан юм. Тухайн үед парламентын гишүүдийн 236 нь уг хуулийг дэмжиж, 207 нь татгалзжээ. Хэрэв дээр дурдсан хуулийг баталсан тохиолдолд "Нэг сая хүний марш" гэгчийн өмнөхөн буюу зургадугаар сарын 12-н гэхэд хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болно.
Аливаа арга хэмжээний үеэр хууль дүрэм зөрчсөн хувь хүмүүс эсвэл зохион байгуулагчид нь 10-аас 20 мянган рублийн торгууль эсвэл 40 цаг албадан ажил хийх юм. Харин тодорхой албан тушаалтнууд 15-30 мянган рублийн торгууль төлөх бол байгууллага 50-100 мянган рублийн торгууль ногдуулах юм байна. Хэрэв жагсаал цуглааныг тодорхой байгууллагуудтай тохиролцолгүй зохион байгуулах тохиолдолд зохион байгуулагчдыг 20-30 мянган рублиэр торгох эсвэл 50 цагийн албадан ажил хийлгэнэ.
Тухайн арга хэмжээ нь "явган зорчигч, тээврийн хэрэгсэлд саад учруулж, цагдаагийн нэмэгдэл хүч татан оролцуулахад хүргэсэн бол" 20-30 мянган рублийн торгууль ногдуулж байхаар хуульд заасан байна. Хэрэв хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 150-300 мянга хүртэлх рублийн торгууль төлөх эсвэл 200 цагийн албадан ажил гүйцэтгүүлэхээр болжээ.