Д.Ганхуяг: Улсын өрийн асуудлаар эргэн харах шаардлагатай зүйл үлдсэн
2008.01.01

Д.Ганхуяг: Улсын өрийн асуудлаар эргэн харах шаардлагатай зүйл үлдсэн

-Таван толгойн хувьцаагаар иргэн бүрийг мөнгөжүүлж болно гэсэн асуудал яригдаж байна. Энэхүү хувьцаа нь хоёр намаас гаргасан амлалт уу. Эсвэл иргэн бүрт олгох гээд байгаа хувьцаа юу гэдгийг иргэд ялгахгүй байна л даа?

-Амлалт нь өөр ч гэсэн ашигт малтмал нь Монголын л баялаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна хоёр намын мөрийн хөтөлбөр байгаа. Хоёр намын мөрийн хөтөлбөрөөр ард түмнээс сонгогдсон. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр албан ёсны болдог. Сая, сая таван зуун мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгох тухай амлалт байгаа 500 мянга нь бэлнээр, сая нь хувьцаа байх нь. Хувьцаа нь "Эрдэнэс Таван толгой" компани IPO хийхэд доод тал гурван сая төгрөг болох болов уу хэмээн тооцоолж байгаа юм. Нөгөө талаас сая, сая таван зуу гээд тус тусдаа яриад байсан зүйл нь нэг болчихлоо хэмээн иргэд ойлгож байгаа байх.

-Гурван сая гэдгийг яагаад ингэж баталгаатай хэлж байгаа юм бэ?

-Гурван сая төгрөг болно гэдгийг яагаад ийм баталгаатай хэлээд байна гэхээр коксжих нүүрсний 18 хувийг эзэмшдэг Ухаа худгийн ордын 20 хувийн зарсан IPO-гийн үнэлгээ нь нийт дүнгээр 3.3 тэр бум доллар болж байгаа юм. Эндээс гарч байгаа юм. Энэ удаагийн төсвийн тухай хуулиар хамтарсан Засгийн газар хувьцаагаар нь далимдуулж Үндсэн хуульд заасан эзэн байх заалтыг нь баталгаажуулж өглөө гэж хэлэх байна. "Эрдэнэс Таван толгой"-н хувьцааг үнэгүй авчихна. Харин дахиад түүнийгээ "Эрдэнэс Таван толгойн" 30 хувийг зарж борлуулах боломжтой. Нөгөө эрдэнийн хувь нь хаачив аа хэмээн иргэд бодож байж магад. Энэ нь Хүний хөгжил сангийн хуульд тусгайлан , заачихсан байгаа. Энэ компанид стратегийн ордуудаас төрийн эзэмшиж байгаа бүх хувийг нь цуглуулах үйл ажиллагаа явагдаж байна. "Эрдэнэт", Багануур, "Шивээ-Овоо" Оюутолгой, зэрэг стратегийн ач холбогдол бүхий 15 орд байгаа. Үүнээс хувь хүртээх тухай асуудал аль хэдий нь хуульчлагдсан. Бэлэн мөнгийг нь өгч дуусгаад түүнээс хойш Монгол Улсын иргэн давуу эрхийн юм уу, эсвэл алтан хувьцаа эзэмших боломж байгаа. Хэрэв хувьцаагаа зарахыг хүсвэл зөвхөн төрдөө зарна. Зарахгүй гэвэл ноогдол ашгийг нь аваад явах л асуудал байгаа шүү дээ.

-Оюутнуудад хувьцаа олгох асуудал мөн ойлгомжгүй байсаар байгаа. Үлдэгдэл таван зуун мянган төгрөгтэйгөө тэнцэхүйц хувьцаа авч болох уу?

-Оюутнууд 2011,2012 онд сургалтын төлбөрийн нэг сая төгрөг авчихсан. Харин үлдсэн 500 мянган төгрөгөө бэлнээр авах уу хувьцаа хэлбэрээр байлгах уу гэдэг нь өөрсдөө  л шийдэх асуудал. 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Монгол Улсын бүх иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа тараагдана.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлын зөвхөн хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн явж байна байна. Гэтэл ирэх оны төсөвт 1072 хувьцаагаа мөнгө болгож оруулна гэсэн байхаар үүнийг юу гэж ойлгох вэ?

-Улсын төсөвт зөвхөн нэг сая төгрөгтэй  тэнцэхүйц хувьцааг суулгасан. Тэр нь 536 байх юм уу эсвэл1072 байх юм уу гэдгийг тусдаа шийднэ. Одоогийн байдлаар гишүүдийн өргөн барьсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаагүй байна. Хэрэв батлагдвал иргэд 20 хувийн хувьцаагаа авна. Батлагдахгүй бол 536 ширхэг хувьцаагаа авна. Харин нэрлэсэн үнэ нь нэг сая төгрөгөөс доошгүй байна гэсэн. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэж болохгүй болохоор төсөвт суулгаж болохгүй. Харин батлагдвал гэдэг утгаар нь нээлттэй орхисон.

-Ер нь аж ахуйн нэрлэсэн үнийн хувьцааг иргэдэд олгох нь хэр зэрэг оновчтой шийдэл юм бол. Энэхүү өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж Монгол Улсын иргэд анхдагч. Гэхдээ аж ахуйн нэгж гэдэг бол эдийн засгийн салбарт оролцдог хамгийн сайн зохион байгуулалттай бүтэц. Гадныханд зүгээр шахуу өгчихөөд өөрсдийнхөө аж ахуйн нэгжийг дэмжихгүй байж болохгүй. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд томорчихсон байсан бол бид Оюутолгойд заавал Фрийдландыг дуудах шаардлагагүй байсан. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. УИХ-д ажлын байр гэж ярьдаг ч  өөрсдөө бий болгочихсон зүйл байхгүй. Том, жижиг ч гэсэн аж ахуйн нэгжүүд л ажлын байрыг бий болгодог гэдгийг мартах учиргүй.

-Төсвийн тухай хууль батлахад орон сууцны хөтөлбөрт оруулж өгөх хөрөнгийг нь хассан. Энэ нь өмнө нь баталсан хуулиа зөрчиж байна хэмээн зарим холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа юм?

-Дөрвөн хувилбар байгаа шүү дээ. Тэгэхээр хувьцаагаа сонгох уу. Бэлэн мөнгөө сонгох уу гэдэг сонголт харин ч дээр нь орж ирж байна. Хэрэв хувьцаагаа сонговол 2012 онд гурван сая төгрөгтэй болно гэсэн үг. Чи хэрэв орон сууцаа худалдан авахдаа төрөөр сонгуулмаар байгаа эсэх. Эсвэл гурван гурван сая төгрөгөө аваад өөрийнхөө орон сууцыг сонгосон нь дээр үү. Ийм л асуудал байгаа юм. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Засгийн газраас орж ирэхдээ зөвхөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн. Харин сая хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн л бол бүгдэд нь нээлттэй болгож өглөө шүү дээ.

-Монгол банкнаас ийм хэлбэрээр мөнгийг олгоход 5-6 жилийн хугацаа хэрэгтэй гэсэн тооцоо судалгаа гаргасан   гэдгээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан л даа?

-Мөнгөний урсгал гэдэг бол секундын хурдаар явдаг. Ер нь хүн нэг асуудлыг шийдэхээр л хөлдүү хатуу зүйл хэлээд байж болохгүй шүү дээ. Шийдэх маш олон асуудал байгаа. Бид тэр бүхнийг тооцоолж үзсэн байгаа.

-Монгол банк оны төсвийг 1.1 их наядаар танасан нь инфляцийг нэг  оронтой тоонд барьж болно гэсэн байр суурийг   илэрхийлж байсан. Бодит байдалд ийм боломж яг байгаа юу?

-Төсвийн тухай хуулийн төслийг бэлтгэх ажлыг ахалж ажилласан хүний хувьд төсвөөр дамжуулж мөнгөний нийлүүлэлт ямар байх вэ гэдэг тооцоог гаргасан. Инфляци гайгүй гарсан. Санхүү, үнэт цаасны механизм маш олон зүйл байгаа. Дотроо хөрвөн шилжих боломж ч бий. Тэр бүү хэл Монголбанкны хэрэглээгүй хэвтэж байгаа 2.6 тэрбум долларыг ч гэсэн эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Харин уЛсын төсвийн тэлэлт инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг сайн тооцож гаргах хэрэгтэй. Түүнээс биш аль болох амархан аргаар шийдэхийг Монголбанк урьтал болгож төсөв ингэж тэллээ, бодлогынхоо хүүг нэмье гэж суугаад байж болохгүй.  Тэр талаар Монголбанк мэргэжлийн төвшинд ажиллаж чадахгүй байгаа зүйл бий.

Гэхдээ Засгийн газар,УИХ нь төсвөө тэлж байгаа асуудал байгаа ч мөнгөний бодлогыг хатууруулна гэдэг нь төв банк арилжааны банкуудад өгдөг зээлийнхээ хүүг нэмнэ гэсэн үг. Арилжааны банкууд Монголбанкнаас хүү өндөртэй үнэт цаас авсан тохиолдолд иргэдэд зээлчихээд эргүүлж авах гэж зовж байхын оронд тэр үнэт цаасыг худалдаж авчихаад байгаа юм. Арилжааны банкуудад зайлшгүй байх ёстой эрсдэлийн нөөц гэж байдаг. Энэ нөөц нь Монгол банкинд нийт арилжааны банкуудаар эргэлдэж байгаа мөнгөний есөн хувьтай тэнцдэг. Түүнийгээ дахин нэмнэ гэсэн мессежийг арилжааны банкуудад Монголбанк өгчихсөн юм билээ. Тиймээс л арилжааны банкнаас иргэдэд өгөх зээлийн хүү нэмэгдэж байгаа юм. Ер нь Монголбанкны ерөнхийлөгч УИХ-аас томилогддог. Ширээн дээр суугаад шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл ярьсан нь дээр болов уу. Тэд улсын төсвийн анхны    гаргасан дүнг нэг их наядаар бууруул гэсэн. Бид бууруулсан. Өшөө дараа дараагийн асуудалд зөвхөн хариуцлага бодоод л улс орныхоо эдийн засаг, иргэдийнхээ амьжиргааг бодохгүй бодлогынхоо хүүг нэмлээ гээд суугаад байж болохгүй. Бид харилцан ажиллах ёстой.

-Мөнгөний ханш унахгүй юу?

-Ханш унах ямар ч боломж байхгүй. 2012 оноос хойш Оюутолгой, том Таван толгой бусад стратегийн ордууд хөдлөөд эхлэх юм бол ямар ч асуудал байхгүй. Харин ч төгрөгийн ханш чангарах ёстой юм шүү дээ.Даанч унхиагүй царайлж, байгаад улсын төсөв, ард түмний хөрөнгөөр хайгуул хийсэн хэдэн орд нь өнөөдөр бүгдийнх нь төрийн эзэмшлийн хэмжээг тогтоогоод өгчих хэрэгтэй байгаа юм. Гэтэл өнөөдөр Ухаа худаг гэдэг хувийн компанийг дэмжээд л сууж байна. Огцруулах гээд чаддаггүй хэдэн олигархи хүмүүс байна.

-Төсвийн тухай хууль хэлэлцэж байх явцад ДНБ-г бодож гаргасан аргачлал нь эргэлзээтэй байна гэсэн асуудал яригдаж байсан?

-Тухайн улс орон ямар ч байсан их бага хэмжээгээр нөөцтэй байх шаардлагатай. Манай өнөөдрийн ДНБ бол үнийн өсөлт, Оюутолгойн хөрөнгө оруулалт байгаа. Тэр бүхнийг бүгдийг нь задалж бодсон. Хөрөнгө оруулалт бол бүтээн байгуулалт болоод үлддэг. Нөгөө оруулсан хөрөнгө оруулалтаа хэд нугалаад л аваад  явдаг. Гэхдээ үнийн өсөлт, хөөсөн  эдийн засаг байгаа гэдгийг хэзээ ч мартах учиргүй. Тийм учраас бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байгаад бодсон. Ер нь бол бодох аргачлалд өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Улсын өрийн асуудлаар хэр зэрэг үндэслэлтэй тоо гарсан бэ. Багагүй хугацаанд яригдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй сураг дуулдсан?

-Өр гэхээсээ илүү өглөг буюу зээл гэж ярих нь зөв байх. Энэ асуудлыг төсвийн тогтвортой байдлын хуулийн холбогдох заалтын дагуу 52 хувиар баталсан байгаа. Мэдээж тодорхой үндэслэл байгаа. Гэхдээ ойлгомжгүй үлдсэн асуудлууд байгаа.

-Тухайлбал, ямар асуудал үлдсэн бэ?

-Иргэдийн нэрийн дансанд байх ёстой үлдэгдэл. 1990-ээд оноос өмнө иргэд бүгд төрд зүтгэж байсан. Тэдгээр хүмүүс тэтгэврээ авъя гэсэн үед мөнгө нь байх ёстой. Тэр бүхний 1.7 их наядын асуудлыг ярьж байгаад ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл 21 мянган төгрөгөө өгчихөөд үлдсэнийг нь нэрийн дансанд өгье гэж тохирсон байгаа. Иймэрхүү асуудлуудаа эргэн авч үзэх шаардлага байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.