Д.Ганхуяг: Шударга ёс гэж байдаг бол Ардчилсан нам энэ сонгуульд ялна
УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар иргэдэд олгох нэг сая төгрөгийн хувьцаа эзэндээ очтол, орон нутгийн сонгуулийн тухай шударга хууль батлагдтал чуулган завсарлах ёсгүй гэдэг байр суурин дээр тогтсон. Эл саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гаргасан. Тиймээс түүнтэй энэ болоод цаг үеийн зарим асуудлаар цөөн асуултад хариу авлаа.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг батлах гэж удлаа. Нэг өдөр эсвэл тусад нь гээд зөрөлдөөд байна. Нэг өдөр явуулснаар шударга болно гэдгийг яаж мэдэх вэ?
-Эхнээсээ буюу 2008 онд хоёр сонгуулийг баталчихсан. Эхний санаачилгыг одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-ын дарга С.Баярын Таван төгөлдөршил дотор сонгуулийг шударга явуулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн санаачилага орсон. Тэгээд аль 2008 оны сонгуулийн өмнө УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийг баталчихсан. УИХ-ын сонгуулийн жил, энэ сонгуулийн дараа, орон нутгийн сонгууль болоод бүтэн жилжингээ сонгуульддаг биз дээ. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалдаг. Гэтэл дэлхий нийт сонгуульд бага хугацаа зарцуулснаар бага зардал гарна гэдэг хандлага руу бүгд явж байгаа. Энэ утгаар нь энэ хуулийг тухайн үедээ баталсан. Тэгснээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд бас л баахан сонгуулийн хууль ярилаа.
Хайран цаг хугацаа. Тэгснээ дараагийн сонгуулийг тулгаад бас шал өөр юм ярьж эхлэх юм.
Үүн дээр өмнөх ажлын хэсэг нь удаан ажилласан. Шударга сонгуулийн тухай асуулаа. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах шийдвэр нь өөрөө шударга сонгуулийн асуудал биш. Зүгээр л үндэсний бүтээмж, цаг хугацаа, зардал хэмнэх талаасаа энэ шийдвэрийг гаргачихсан байгаа. Харин УИХ-ын сонгуулийн хуультай адилхан орон нутгийн сонгуулийн хуулийн доторх, өөрөөр хэлбэл гэдэс дотрыг нь, тогтолцоог нь хугацаа алдалгүй сайжруулах шаардлагатай. Хэрэв үүнийг л хийхгүй юм бол УИХ-ын сонгууль шиг орон нутгийн сонгууль дахиад булхай, луйвартай болно. Хоёр сонгуулийг нэг өдөр явуулснаар компьютер ачааллаа даахгүй гэсэн илт хоцрогдсон юм ярих юм. Үнэндээ нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгддөггүй биз дээ. Орон нутгийн сонгуульд угаасаа арваад мянган хүн нэр дэвшдэг. УИХ-ын сонгуульд үсрээд мянган хүн нэр дэвшинэ. Ингэхээр хоёр сонгуулийг хамт явуулснаар орон нутгийн сонгуулиас нэр дэвшигчдийн тоо 10 хувиар. Энэ дээр нэг жишээ дурдая. Дэлхий дээр дайн дажин өчнөөн болж байсан ч гэсэн төрийн тогтолцоог Монголын эзэнт гүрэн анхлан санаачилсан. Монголчууд дэлхийн хуурай газрын 50 хувийг хамгийн сүүлд эзэмшсэн Азийн орон гэж Азийн ардчилсан зарим орны иргэд манайхаар бахархаж ярьдаг. Та нар шударга төртэй байсан учраас хүчтэй байсан гэж ярьдаг. Гэтэл зарим нам ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялахын тулд сонгуулийг албаар будилуулдаг болсон байна. Арай ч хэтэрч байна. Энэ байдал нь тэдэнд дотооддоо болж байгаа юм шиг санагддаг байж болзошгүй ч гадна талаас бол үнэхээр муухай харагддаг гэсэн. Ийм байдал өөрөө маш хортой. Тиймээс ч бүлгийн хуралдаан дээр би хоёр санап гаргасан. Нэг сая төгрөгийн хувьцаа хоёрдугаар сарын 1-ний дотор иргэдэд оччихсон, тэгээд одоо иргэдэд хувьцаагаа хадгалах уу, мөнгөө сонгох уу гэдгээ шийдэх түвшинд байх ёстой. Гэтэл Засгийн газар үүнийг хийсэнгүй. Иргэд, ахмадууд нөгөө нэг сая төгрөгийг нь хараад “Их санасан газар есөн шөнө хоосон” гэдэгтэй адил сууж байна. Нөгөө талаар орон нутгийн сонгуулийг ухаалаг үнэмлэхийг хэрэглэж электрон сонгууль болгох ёстой. Энэ хоёр асуудлыг шийдтэл энэ чуулганыг завсарлуулах хэрэггүй гэсэн саналыг гаргасан. Тэрнээс биш дандаа л улстөрийн намууд өөрсдийгөө ялуулах юм бодож суудаг зүйл байх ёсгүй. Үүнийг одоо болих хэрэгтэй. Энэ сонгуулийг өөртөө үйлчлүүлж, өөрийгөө сонгуулна гэж бодоод хэрэггүй. Тийм бол тэгж битгий андуур гэж хэлмээр байна. Бүгдэд нь адилхан л үйлчилнэ. Хамгийн гол нь асуудлаа хурдхан шиг л шийдчих хэрэгтэй.
-Цаг үеийн шаардлага юм даа. Нийгмийн дийлэнх хэсэг энэ парламентыг бүрдүүлж буй эрхэм гишүүдийг шударга бус байлаа гэсэн дүгнэлтийг өгч байна. Та үүнд шударгаар дүгнэлт өгөөч?
-Парламент гэдэг мэтгэлцээний талбар. Ард түмний сонгуулиар байгуулагдаад олонх, цөөнх нь мэтгэлцэж, оновчтой бодлогын төлөө явдаг. Нөгөө талаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Мөн төрийн эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогыг барьдаг. Дараагаар нь тойргийн асуудал хамаарна. Аливаа юм хоёр талтай. Парламентад цөөнх гэж байхгүй болчихсон. Энэ дээр асуудал үүссэн. Гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. Хяналт тавьдаг цөөнх нь байхгүй болчихсон. Үүнээс үүдэн төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлагагүй ажиллах, иргэдэд үйлчлэх ёстой үүргээ биелүүлэхгүй байх гээд хамтарсан Засгийн газраас болоод сөрөг үр дагаврууд ихэссэн гэж дотроо бодож явдаг. Парламентын шийдвэр, түүнийг хэрэгжүүлж буй Засгийн газрын гүйцэтгэл нь тухайн улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын тусгал байдаг. Энэ утгаар нь харахад алдаатай шийдвэр гарсан. Гарсан алдааг УИХ нь Засгийн газартаа үүрэг өгч засуулж чадаагүй зүйл гарсан. Жишээлбэл, Оюу толгойн гэрээ муу хийгдсэн. УИХ дээр би Д.Зоригт сайдаас асууж байсан. “Энэ гэрээ чинь хаанахын загвараар хийгдсэн юм бэ. Би бизнесийн салбарт ажиллаж байсан.
Арай ч дээ. Муу загвар байна” гэхэд “Та мэдэж байгаа.
Африкийн л гэрээний загвар шүү дээ” гэж хариулж байсан. Тэгсэн атлаа зүтгүүлсээр байгаад батлуулчихсан. Ер нь 2007 оны Оюу толгойн гэрээний төсөл 2009 оныхоос сайн байсан юм. Хоёрхон жилийн дотор анхны хөрөнгө оруулалт нь зургаан тэрбум доллар болж нэмэгдсэн. 2007 оны долдугаар сарын 10-нд анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум доллар болж орж ирж байсан. Энэ ямар учиртай юм бэ гэсэн аудит хийлгэнэ гэсэн. Одоо хүртэл байхгүй байх жишээтэй. Харамсалтай л зүйл. Шоглож хэлбэл хөрөнгө оруулагчийн машиныг түлхүүрдэж асаагаад яваад байгаа юм биш үү. Яахав баялаг нь бидний өвөг дээдсээс өвлүүлсэн Монголын газрын хэвлийд байгаа учраас яваандаа засч, сайжруулж болох байх. Энэ мэтээр шударга бус явдал байна аа гэдэг нь ойлгомжтой. Баялгийн хуваарилалт шударга бусаар явагдаж байна гэдэг нь тодорхой. 10 орчим хувь нь гадныхантай нийлээд баяжчихсан нь бүр ч тодорхой. Стратегийн 15 орд бий. Тэндээс Таван толгойг явуулах гэж байгаа гээд байна. Гэтэл өрөм нь болсон Ухаа худгийг хууль зөрчөөд тасдаад авчихсан. Тэнд аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэд ороод, эзэд нь баяжчихсан гэдсээ маажаад сууж байна. Тэгээд нөгөө том Таван толгой нь хөдөлдөггүй. Өнөөдрийг хүртэл маргалдаад байж байна. 2010 оны долдугаар сарын 8-нд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг шийд гээд гаргаад ирчихсэн байхад ахиад л яриад байх юм.
Үүний тусгалаар эдийн засаг өсч байна гээд байх юм.
Гэтэл үнэндээ бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөөр үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн нийт хэмжээ өснө. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулалт өссөн ч анхны хөрөнгө оруулалтаар буюу бэлэн мөнгөөр буцаад гарчихна. Ийм л асуудал байна. Бодит байдал дээр ажилгүйдэл нэмэгдсэн байна. Утааны асуудлаас болж эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн ядуурал нэмэгдсэн байна. Энэ утгаараа гол гол том зорилт дээрээ эх орны эрх ашгийн талд зогсож чадсангүй. Үүнийг засахын талд АН хамтарсан Засгийн газраас гарсан гэж ойлгож байна. Ийм байдлаа засахгүй бол болохгүй.
-АН гэснийх танай намын байр суурь хаана, ямар хэмжээнд явна вэ гэж асуух хэрэгтэй юм шиг ээ. Дотроо хагарч бутраад, фракц үүсгээд гэх болж л дээ?
-Намын хувьд ярихад манайх нам дотроо банкны хөрөнгө, стратегийн орд идчихсэн улс байхгүй. Тийм болохоор шударга ёс гэж байдаг бол Ардчилсан нам энэ сонгуульд ялна. Манай нам Шударга ёсны талд зогсож чаддаг. Дотоод асуудал нь ил тод байж чаддаг. Фракц гээд л яриад байна. Энэ чинь намын эд эс болсон үзэл баримтлалын өөр өөр байр суурь байхгүй юу. Тэгээд ч дэлхий нийтээрээ улстөрчид байтугай энгийн хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Энэ чанараар нь ойлгох хэмжээнд манай залуучууд их боловсорсон байна. Шонхор үзэл баримтлал, тагтаа үзэл баримтлал юу гээд байгааг нарийн мэдрэх болсон. Эх газрын хүмүүс уур амьсгал, газарзүйн байрлалаасаа хамаарч шонхор шиг дайчин шинж чанартай байдаг. Тиймээс хөгжилтэй орнуудад дайчин, шударга үндэсний, эх оронч барууны үзэл баримтлалыг шонхрын зан чанараар төлөөлүүлэн илэрхийлдэг. Тэр орны энгийн иргэд ч үүнийг мэднэ. Түүнээс биш амьтан яриагүй. Манай нам дотооддоо идээ бээр байлгаж чаддаггүй нам. Тэрнээс шударга ёс алдагдсан байхад хий хоосон эв нэгдлээр далайлгаад явцгүй гэж хэлэх байна. АН МАН-ын захиргаадалтын менежментээс суралцах шаардлагагүй. Одоо Ардчилсан нам шударга ёсныхоо талд зогсож, тэр тусмаа 2012 оны төсвөөс эхлээд олон чухал бодлогыг батлалцсаны хувьд үүнийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхдээ шударга байх тал дээр баттай зогсох ёстой л гэж бодож сууна.
-МАН, АН хоёр нэг нэгнээсээ ял нэхээд байгаа мэтээр харагдах болсон. Нэг агуулгатай хуулийг хоёр өөрөөр нэрлэж автор болох гээд ч байгаа юм шиг. Та ямар тайлбар өгөх вэ?
-Яахав шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь сайн хэрэг. Одоо бол олонх, цөөнх гэдэг ард түмний сонголтон дээр ирлээ. Хууль дээр барьцамтгай ч юм шиг байдлаар хандаад байна гэж ойлгож болохгүй. Бодлого өрсөлдүүлэх ёстой. Энэ бол хаана ч байдаг асуудал. Хамтарч байгаад саллаа, салангуутаа нэгнийгээ хааж бооно гэж бодоод хэрэггүй. Энэ хол явахгүй. Хамтарсан нь үнэн л юм чинь сайн ч тэр, саар нь ч тэр аль алинд нь байх ёстой.
Гэхдээ хамтарсан Засгийн газартаа хяналт тавьж чадаагүй, тэр тусмаа УИХ-ын олонх нь энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй л байхгүй юу.
Дээр дурдсан Оюу толгойн гэрээгээ засаач ээ гэж энэ төсөл орж ирсэн цагаас нь хойш хэрэлдлээ. Тавантолгой дээр ч мөн ялгаагүй. Үлдсэн арав гаруй ордыг зөв явуулаач гэж бас л дөрвөн жил хэрэлдлээ. Юм үнэний мөртэй, тэр хэмжээгээрээ ялгарах ёстой гэж ойлгодог. Гэхдээ хамтарснаар сайн тал байсныг үгүйсгэхгүй. Цаашид төрийн үйл ажиллагааг ил тод болгох, хуулиа дээдэлдэг байх, баялгийн хуваарилалтыг шударга байлгах нь 2012 оны сонгуулийн сэдэв байх болно. Энэ байр суурин дээрээ байж чадсан нь дахиад энэ суурин дээрээ байхын баталгаа болох ёстой.
-Сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал их өрсөлдөөн бий болгохуйц харагдаад байгаа. МАХН, түүнтэй нэгдсэн иргэний хөдөлгөөн, эвсэл, ИЗНН гээд л хүч тэнцүүхэн өрсөлдөөн харагдаад байна?
-Энэ их сайн хэрэг. Ер нь нам дотроо ажил, үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөөх өрсөлдөөн байх ёстой. Дахиад нийгэм дотроо тийм өрсөлдөөн байх хэрэгтэй. Шударга өрсөлдөөн байснаар хувь хүн, байгууллага, улс орон хөгждөг жамтай. Энэ утгаараа сайн хэрэг. Энэ бол байх ёстой зүйл. Хамгийн чанартай, хамгийн сайн бүтээгдэхүүн өрсөлдөөнөөр гарч ирснээр түүнийг сая иргэд сонгоно.Энэ бол мөрийн хөтөлбөрийг хэлж байна. Тэрнээс биш хоёр хүн яг ижилхэн аяга барьчихаад зарах гэвэл хэрэглэгчдэд сонголт байхгүй болно. Энэ чанараараа улс төрд өрсөлдөөн байснаараа хамгийн сайн бодлого бий болж, тэр нь хэрэгжсэнээр тогтвортой, хурдацтай хөгжлийг авчирна. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь энэ замаар явж байгаа. Одоогийн манай орны улс төрийн нөхцөл байдал энэ шинжийг түлхүү агуулж байгаа нь сайн хэрэг.