2025.05.28
С.Эрдэнэболд: Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний бие даасан байдлыг бүхэлд нь ямар хэмжээтэй үзэж байна
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025.05.28-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
47 сая ам.доллар 30 жилийн хугацаа,2055 он хүртэл гэж харж байна. 5 жил нь чөлөөлнө 1,44% хувьсах хүүтэй гэдгийг Та Сангийн сайдын хувьд энэ нь гарцаагүй шийдэл гэж бодож байна уу? Хоёрдугаарт, Танилцуулга дээр нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаваргүй гэж байгаа. Тэгэхдээ нийгэм эдийн засгийн эерэг үр дагавар нь мөнгөн дүнгээр болон ач холбогдол талаас нь симуляц хийж үзсэн үү? Гуравдугаарт, Эрчим хүчний сайдаас асууя. Бид нар 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ батлаад 2 том зорилт дэвшүүлсэн. Үүнд, дотоодоосоо шатахууныг бие даасан байдалдаа хангадаг болно мөн 2020 он гэхэд эрчим хүчний тусгаар тогтнолтой болно гэсэн. Гэтэл өнөөдөр 2025 он. Эрчим хүчний тусгаар тогтнол бие даасан байдлын асуудал мөн шийдэгдээгүй байна. Сураг сонсох нь ээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дараагийн бичиг баримтын төсөл яваад байна гэж ойлгосон. Монгол улсын хэмжээнд том зургаараа эрчим хүчний бие даасан байдал гэдгийг ямар хэмжээтэй үзэж байгаа бөгөөд "эрчим хүч 3" төсөл нь хэд орчим хувийг эзэлж байгаа юм бэ? Цаашлаад эрчим хүч 3 гэдэг шиг 4, 5 гээд дараагийн цуврал төслүүд ямар хэмжээнд байна вэ?

Сэтгүүлч