Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа
2025.05.07

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна.
Энэ жил Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүдэд талархал илэрхийлж ойн баярын мэнд хүргэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журмын талаар мэдээлэл өглөө. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл, санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулан баталсан. Цаашид хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоонд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Засгийн газраас гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг батлуулахаар бэлтгэж байна.

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг мөн шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгосон байна. Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав.

Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.