2025.05.16

Х.Нямбаатар: Улаанбаатар хот хөгжвөл хөдөө орон нутгийн таталцлын асуудал орхигдоно гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа

УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуусан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариуллаа.

Олон нийтэд ташаа мэдээлэл буюу 6 их наядын төсөвтэй болчихлоо гэдэг тоо хаанаас гарч ирсэн бэ гэхээр 20 минутын хот буюу Сэлбэ Дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаад бондыг босгосон тэр өртгийг төсөв дээр дурдаж явж байгаа. Энэ төсөл 2017 оны 10-р сар гэхэд дуусахаар төсөл байгаа. Энэ төсвийн санхүүжилтийн эргэн төлөлт 2027 оны 10-р сард төлөгдөж дуусна гэдгийг хэлье!

Хоёрдугаарт, Улаанбаатар хот хөгжих гээд байна, хөгжих нь дэмий, хөдөө орон нутгийн таталцлын асуудал орхигдоно гэдэгтэй бол би санал нэгдэхгүй байгаа. Энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулцсан хүмүүсийн нэг нь миний бие байгаа. Өнөөдрийн 21 аймгийн төвүүд нь дандаа сумын статустай байгаа. Хилийн дагуух бүх боомтууд нь багийн статустай байгаа. Тэгэхээр бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хот суурин газар гэдэг 2-ынхоо зааг ялгааг гаргаж хот суурингийн хөгжлийг бий болгохын тулд "Хот суурингийн эрх зүйн байдлын тухай" хуулийг 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг хот тосгонд шилжүүлэх замаар хот суурингийн хөгжлийг дэмжих бодлогыг гаргаж ирсэн юм. Энэ хууль хэрэгжих боломжгүй болсон нэг шалтгаан бол УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдаж амжаагүй, өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан хот тосгодын хилийн заагийг тогтоох тогтоолын төсөл боловсруулагдаж орж ирээгүй учраас энэ хууль хэрэгжих боломжгүй болчихоод байгаа юм. Хэрэв УИХ хууль хойшлуулж чадсан тохиолдолд энэ нэг жилийн хугацаанд бид яаралтай шинээр байгуулагдаж байгаа бүх хот тосгодын хилийн заагийг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг батлах шаардлагатай байгаа.

Хот тосгодын хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг давхар баталж өгөөд, нэгэнт Үндсэн хуулийн реформ, шинэчлэлийн дагуу суурин газрын соёл иргэншлийг дэмжих эрх зүйн шинэчлэлээ цаашид үргэлжлүүлэх нь зөв байх гэж бодож байна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн