А.Ариунзаяа: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хувийн хэвшилд ирэх дарамт нэмэгдэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2025.04.01/-ний өдрөөс эхлэн нэмэгдэнэ. Эргээд татвар хураамжийн асуудал хөндөгдөнө. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өнгөрсөн оны аравдугаар сард төсөв өргөн барьснаас хойш орж ирсэн энэ асуудлын талаар хувийн байр суурийг сошиалаар илэрхийлсээр ирсэн.
Үүнээс гадна намын бүлэг, холбогдох сайд нар болон албаны хүмүүст ярьж, хэлсээр өнөөдрийг хүрсэн. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо буюу Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гаргасан энэ шийдвэр нь “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоох хуулийг зөрчсөн юм биш үү” гэдэг асуудлыг тухайн үед дэвшүүлж, тайлбар мэдээлэл өгч байлаа. Тэрээр энэ шийдвэр нь төрийн албан хаагчдад ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Харин дөнгөж хөл дээрээ тогтох гэж буй хувийн хэвшилд хүнд дарамт болно. Яагаад гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 70, 80 мянга орчим хүн хувийн хэвшилд ажилладаг.
Гэтэл сүүлийн гурван жилд дараалан энэ хэмжээг нэмж өнөөдөр 792 мянган төгрөг болгосон. Үүнээс улбаатай жижиг ААН-үүд дампуурах эсвэл хүнээ цомхотгох ийм сонголттой нүүр тулна. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цалин хөлснөөс гадна бусад төрийн олон бодлоготой уялддаг. Тухайлбал, нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл төлж буй 180 мянга орчим иргэдийн төлөх шимтгэл нэмэгдэнэ. Мөн өндөр цалин авдаг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх буюу 6 сая 600 мянган төгрөгөөс НДШ төлдөг иргэдийн шимтгэл нэмэгдэнэ. Мөн манай улсад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их бий. Гадаадаас ажиллах хүч авч байгаа маш олон ААНБ байгаа.
Энэ ААНБ-ууд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин үржүүлсэнтэй адилтгах хэмжээний төлбөр төлдөг. Одоогоор эдийн засгийг сэргээх бодлогын хүрээнд 50% хөнгөлж байгаа. Энэ байгууллагууд дээр бас санхүүгийн ачаалал нэмэгдэнэ. Хэдийгээр нэг талдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь зөв боловч нөгөө талдаа үүнтэй уялдуулсан маш олон бодлого байдгийг мартаж болохгүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илэрхийлсээр байгаа юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn