2025.04.25
Э.Батшугар: Энэ хуулиар зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана!
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Хар жагсаалт алга болох уу гэх. Хар жагсаалт гэсэн зүйл байхгүй болно. Одоогийн тогтолцоо бол тодорхой байдлаар зээлээ төлж чадахгүй, эргээд төлсөн ч 6 жилийн хар жагсаалтад орчихдог. Нэг ёсны банк санхүүгийн байгууллагууд хаалгаа тас гээд хааж "санхүүгийн ял" үүрүүлээд яваад байдаг. Энэ зүйл байхгүй болно. Харин эсрэгээрээ бодит горимын онооны системд шилжинэ. Зээлээ төлөхгүй бол оноо буурна. Төлөөд эхэлбэл оноо буцаад өснө. Үүгээрээ дамжуулаад зээлийн хүү ч буурах нөхцөл байдал үүснэ.
Учир нь нэгт, санхүүгийн сахилга баттай иргэдийг илүү урамшуулна. Хоёрт, иргэнд бусад банк санхүүгийн байгууллагуудтай харьцах өрсөлдөөний чадамж нь нэмэгдэнэ. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд бол хүүгээрээ өрсөлдөнө. Хамгийн таатай нөхцөл олгож байгаа банканд иргэн очиж үйлчилгээ авах бололцоо нээгдэх юм.
Тэтгэврийн зээлийн асуудал үнэхээр бас чухал асуудал. Үүнтэй холбоотой хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нэгт, тэтгэврийн зээлийнх нь орлого нь бол тодорхой. Улсаас тэтгэвэр авч байгаа зүйл. Үүнтэй холбоотойгоор онооны систем нь илүү одоо уян хатан. Ялангуяа ахмадуудаа илүү урамшуулалт систем рүү орох нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор хүүгийн асуудал яригдаад байгаа юм. Тэтгэврийн хүү мөн арилжааны чанартай хүүадилхан байгаад байна. Энэ нь шударга бус юм. Учир нь тэтгэврийн зээлийн орлого нь өөрөө тодорхой байгаа болохоор эрсдэл нь илүү бага. Үүнийгээ дагаад хүү нь ч буурах ёстой. Монгол банк ч гэсэн өнөөдөр үүн дээрээс ажиллаж байгаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан