Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох 6 төсөл хэрэгжинэ
2025.03.26

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох 6 төсөл хэрэгжинэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хамгийн сайн халамж – хөдөлмөр эрхлэлт” уриатайгаар 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зарлаж нээлтийн арга хэмжээгээ өчигдөр /2025.03.25/ зохион байгууллаа. 

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 15.3 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тэдний хөдөлмөр эрхлэхийг дэмжиж багагүй мөнгө зарцуулдаг ч үр дүнг сайжруулж, тогтвортой байдлыг дэмжих шаардлага байгаа учир төр, хувийн хэвшил хамтарч 2025 онд олон ажлууд хийхээр төлөвлөөд буй. Энэ үеэр иргэдээ төлөөлөн бодлого тодорхойлох дээд байгууллага УИХ-д ажиллаж байгаагийн хувьд УИХ-ын гишүүн О.Саранчулуун бүх шатанд хамтарч, зөвлөж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан шилэн болж, төсвийн ил байдлыг ханган, үр дүнг сайжруулахад анхаарна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох 6 бодлогын төсөл хэрэгжүүлэх аж. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлог, ур чадвар, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байраар хангах, иргэний байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх “Хөгжлийн гүүр” туршилтын төсөл, төрийн үйлчилгээг ээлтэй болгож, хүнд суртлыг арилган, цахим болгох, их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сантай болохыг ч зорьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчдоо урамшуулж, дэмжихийг зорьж ажиллана хэмээн ГБХНХЯ-аас мэдээллээ.