Буриад улстай зам тээвэр, эрүүл мэнд зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаагаа хөгжүүлнэ
2025.03.21

Буриад улстай зам тээвэр, эрүүл мэнд зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагаагаагаа хөгжүүлнэ

УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2025.03.20/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич, тус улсын Тэргүүний орлогч Кочетова Екатерина Николаевна болон Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Тээвэр, эрчим хүч, замын аж ахуй, Аялал жуулчлал, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, манай улсын мөнхийн хөрш ОХУ, тэр дундаа монголчууд бидэнтэй соёл, уламжлал, зан заншил, бичиг үсэг нэн ойр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Засгийн газрынхаа өргөн бүрэлдэхүүний хамтаар харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр 2024 онд манай улсад тохиолдсон зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд дахин талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн.

Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа шинэ цаг үед улам баяжин батжиж, бүхий л салбарт өргөжин хөгжиж ирлээ. Тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улстай зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, зам тээврийн салбарт хамтран ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэж, цаашид улс орон дамжсан ачаа тээврийг өргөжүүлэх боломжтой боллоо гэлээ.

Тэрбээр, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд боловсролын салбарын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод Монгол Улсаас Буриад Улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв. Өнөөдрийн байдлаар 200 монгол оюутан тус улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа бөгөөд цаашид монгол оюутны тоог 500 хүргэх зорилт тавьсан гэдгийг уламжилсан. Мөн Буриад Улс эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж нэвтрүүлснийг тодотгоод, монгол иргэд хямд зардлаар эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хүсэлтэй буйгаа дурдсан. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жимс, жимсгэний мод бут тариалахад хамтран ажиллаж эхэлснийг онцолж, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэв.

Тус уулзалтад ОХУ-аас Монголд Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон албаны хүмүүс байлаа.