Ц.ИДЭРБАТ: БАГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ “БАГГҮЙ” ҮНЭН БОЛДГООРОО АЧ ХОЛБОГДОЛТОЙ
2025.03.14

Ц.ИДЭРБАТ: БАГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ “БАГГҮЙ” ҮНЭН БОЛДГООРОО АЧ ХОЛБОГДОЛТОЙ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын гишүүн У.Отгонбаярын 3 дугаар сарын 14-ний өдөр Төрийн анхан шатны нэгж багийн иргэдтэй хийх уулзалтаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багт үргэлжлүүлж байна.

Тус багийн иргэд Барх багийн Баруун Билээгтийн адаг гэх газарт гарсан түймрийг олны хүчээр дарж унтраасан мэдээтэй угтаж, уулзалтдаа идэвхтэй оролцож харилцан мэдээлэл солилцоод, асуудлаа дэвшүүлж байлаа. Мөн хуулийн төсөлд малчдынхаа санал авах, хэлэлцүүлгүүдийг хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлогтой. 

Энэ үеэр гишүүн Ц.Идэрбат "Аймаг, бүс, тойргийнхоо иргэдээс хууль тогтоох дээд байгууллага, УИХ-д сонгогдсон бол иргэдийнхээ амьдралыг мэддэг, тэднийгээ таньдаг, санал хүсэлтийг сонсдог байх учиртай. Миний бие энэ зарчмаар явж анх 2022 оны хавар, зун аймгийнхаа 89 багт ажиллаж байв. Мөн сум нэг бүрт 2024 оныг хүртэл 6-14 удаа очиж ажилласан байдаг. Эргэх холбоо хөтөлбөр энэ жил өргөжиж бүсийн хэмжээнд хэрэгжиж эхэллээ. Хууль – Эрх зүйн хүрээнд ямар хийдэл гарч вэ гэдгийг анзаарч засаж сайжруулахад багийн иргэдийн санал бодол чухал ач холбогдолтой гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдсэн. Багийн хурал хамгийн шударга болдог. Өөрөөр хэлбэл "баггүй", үнэн болдог гэсэн үг. Нар ээсэн өдрүүдэд бүсийн, нутгийн зон олонтойгоо уулзах сайхан байна" гэжээ